
Энэхүү эмхтгэлийг статистикийн шинжлэх ухааны үүднээс Монгол Улсын татварын тогтолцоо, татварын мэдээлэл, татварын орлогын бүрдэлт, борлуулалтын орлого, татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжийн тоо, хариуцлагын хэлбэрийн талаарх мэдээллийг системчлэн боловсруулан төрийн ба төрийн бус байгууллагын ажилтнууд, эрдэмтэн багш судлаачид, татвар төлөгчид, оюутан залууст хүргэх, үйл ажиллагаандаа мэдээллийг ашиглах, татварын суурь ойлголт, харилцан хамаарлыг судлах эх сурвалжийг үүсгэх, мэдээлэлд дүн шинжилгээ хийх зорилгоор бэлтгэсэн байна.
ТЕГ-ын дарга Б.Баттөмөр энэхүү эмхтгэлийн гол ач холбогдлыг
- Төрийн эдийн засгийн бодлогын орлого талыг статистикийн хэлээр нийтэд хүртээл болгосноор төрийн үйл ажиллагаа, түүний далайцыг тодорхой хэмжээнд ил тод болгох;
- Төрөөс татварын талаар баримтлах бодлого боловсруулах, татварын төлөвлөлт, татварын судалгааны ажлыг үр бүтээлтэй болгоход тус дөхөм үзүүлж, татварын статитик мэдээллээр хэрэглэгчийг хангах;
- Татварын алба өөрийн туулж өнгөрүүлсэн үйл ажиллагаандаа үнэлэлт, дүгнэлт хийхэд бодит мэдээлэл болно гэж тодорхойлоод, “Манай улсын татварын талаарх статистикийн мэдээллийн энэхүү үүсэл санаачлагыг улам бүтээлч хандлагатай, гадаад дотоодод хүртээлтэй, бодит амьдралд үр өгөөжтэй болгох, өөрөөр хэлбэл инноваци шинжийг хадгалж хөгжүүлэхэд холбогдох байгууллага төдийгүй эрдэмтэн судлаач, оюутан сурагч, бусад жирийн хүмүүсийн үнэтэй зөвлөгөө, санал, санаачлага, хамтын чармайлт чухал” гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Эх сурвалж: Татварын ерөнхий газар