Угаас ус багатай говийн аймгуудад уул уурхайн баялаг хамгийн ихээр байгаа нь анхаарал татах асуудлуудын нэг. Тэр дундаа чандмань эрдэнэ хэмээх алтнаас ч үнэт эрдэнэ сүүлийн жилүүдэд улам бүх хомсдож байгаа билээ. Өмнөговь аймагт усгүй болох аюул нүүрлээд байгаа бол үүнээс илүү гамшиг Говь-Алтайд нүүрлээд эхэлжээ. Тус аймгийн Алтай суманд алтны уурхайнууд олноор олборлолт явуулснаас үүдэн 5 жилийн өмнөөс булаг шандууд ширгэж, одоо сумын хэмжээгээр цөөн хэдэн худаг ажилладаг, нэг өрхийн 7 хоногийн усны хэрэгцээ 25 литрээр хэмжигдэх болжээ. Алтай сумын иргэд усанд ч орохоо болиод удаж байгаа бөгөөд усны гамшгийг түрүүлж мэдэрсэн сумаар нэрлэгдэж байна. Нэгэн цагт телевизээр л үзэж шогширдог байсан Араб, Энэтхэгийн байдал ийнхүү Алтай сумаар эхлэлээ тавьж Говь-Алтай аймгийн 13 сум өнөөдрийн байдлаар усны хомсдолд ороод байгааг Усны үндэсний төвөөс мэдээллээ.
Алтай, Баян-Уул, Тонхил, Бигэр гэгчлэн тус аймгийн уул уурхайн баялаг ихтэй, судлагдсан ордуудтай сумдын иргэд усны хомсдолоос гадна хүнсний наад захын шаардлага хангахгүй ус хэрэглэсээр олон жилийн нүүрийг үзэж байгаа аж. Зургаан суманд ундны усанд агуулагдах хлор, магни байх ёстой хэвийн хэмжээнээс хэд дахин их бөгөөд үүнийг цэвэршүүлэх ямар ч технологи байдаггүй байна. Мөн аймгийн төвийн айл өрхүүдийн хэрэглэж байгаа усны кальци, магнийн харьцаа алдагдсан, хлор байх ёстой хэмжээнээс дэндүү их байгаа нь тус аймагт шар өвчин байнга дэгддэг, ходоод, гэдэс, дотрын өвчлөлөөр тэргүүлж байгаагаас нь харж болох аж. Гар аргаар алт олборлогчид буюу нинжа нар мөн уул уурхайн компаниудын анхаарлыг зүй ёсоор татдаг тус аймгийн хувьд газрын баялаг ихтэйгээсээ болж ийнхүү усны хомсдолд орсон гэлтэй. Одоогийн байдлаар л гэхэд 40 орчим ордтой тус аймгийн төмрийн хүдрийн нөөц 80 сая тонн, нүүрсний нөөц 40 сая тонн гэсэн тоо гарч хил залгаа орших хятадуудын шүлсийг гоожуулаад байгаа юм.
Харин тэдгээр баялгийг ундны усаараа солино гэдэг байж боломгүй зүйл. Алтайчуудыг усны хомсдолоос гаргах ганц арга нь Тайширын Улаан боомын усан цахилгаан станц боловч тус станц ашиглалтад орсноор үр өгөөжөө өгөхгүй харин ч хэвийн байсан Завхан аймгийг хүртэл харанхуй өвөлжүүлсэн билээ. Аймгийн Засаг дарга хийж бүтээж байгаагаараа дэлддэг ч үнэндээ Алтайчуудын хувьд амьдрал дорой, мөн үнэ өндөр, зам тээврийн хөгжил муутайн дээр ийнхүү усгүй болох аюул нүүрлэж эхэлжээ. Уул нь бол 53 км зайтай Тайшираас далд хоолойгоор ус дамжуулах боломж бий ч төсөв мөнгө их хэмжээгээр яригдах тул энэ асуудал хэрэгжих боломжгүй байгаа аж. Ямартаа ч хүний амьдралын хамгийн чухал хэрэгцээ болсон усгүй болох аюулыг бид 20 жил, эсвэл 30 жилийн дараах асуудал хэмээн харж байсан бол энэ хугацаа наашилж өнөө маргаашгүй усгүй болох аюул ойртоод байгааг Говь-Алтайн 13 сумаас харж болохоор болжээ.