Франц гэрэл зурагчны өвөрмөц зургуудыг дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.28-нд нийтлэгдсэн

Франц гэрэл зурагчны өвөрмөц зургуудыг дэлгэнэ

БСШУЯ-ны санаачилгаар Францын Элчин сайдын яам болон О-де-Сейнь мужийн дэмжлэгтэйгээр “Нэгэн зууны тэртээх Монгол улс-францын гэрэл зурагчны дуранд” үзэсгэлэнг энэ сарын 30-наас ирэх долдугаар сарын 1-ний хооронд Монголын Уран зургийн галерейд нээх гэж байна.  Францын О-де-Сейнь мужийн Альберт Каны музейд “Зуун дамжсан Монгол 1912-1913” үзэсгэлэнг өнгөрсөн 2011 оны арваннэгдүгээр сараас энэ оны есдүгээр сар хүртэл зохион байгуулж, Францын зурагчин Стефан Пассейн 1912-1913 онд Монгол улс ба Оросын Хиагт хот, Өвөр Монголд авсан автохром өнгөт зураг, эртний түүхийн баримтууд, хар цагаан дүрс бичлэг Парис хотноо нийтийн хүртээл болж байгаа билээ.

Монголчуудын өвөг дээдсийн тухай ховор нандин түүхийн баримтыг хадгалан үлдээж хойч үед нь үзүүлэх завшааныг олгосон Францын саятан банкны эзэн Альберт Кан нь нигүүлсэнгүй үзэлтэн байсан ба дэлхийн улс үндэстнүүдийн энх тайван, харилцан ойлголцолыг дэмжих зорилгоор 1909-1931 онд олон орны нийгэм соёл, хүмүүсийн аж амьдралыг өнгөт зурагт буулгах төслийг явуулжээ. Альберт Кан 50 гаруй улс руу зурагчнаа илгээж 72 мянган автохром өнгөт зураг 180,000 метр хальс бүхий хар цагаан дүрс бичлэг цуглуулсан нь одоо Альберт Каны музейн дэлхийн архивт хадгалагдаж байна.

Үзэсгэлэнд Монголын түүх, соёлтой холбоотой хар цагаан дүрс бичлэг,  80 гаруй өнгөт гэрэл зураг хэвлэмэл ба дижитал хэлбэрээр үзэгчдэд хүрнэ.Түүнчлэн франц судлаачдын өгүүллэг, 1913 оны 50 гаруй өнгөт зураг бүхий зургийн цомог хэвлэгдэн уншигчдын хүртээл болно.

Үзэсгэлэнгийн нэг онцлог нь дэлхийн анхдагч өнгөт зургийн автохромын технологийг ашиглан 100 жилийн тэртээд дүрсжүүлсэн Монголын талаарх хамгийн эртний өнгөт зургууд эх орондоо эргэн ирж байгаа явдал юм. Энэхүү үзэсгэлэнгийн ерөнхий дэглэлтийг Франц куратор удирдаж байгаа ба Монголын түүх соёлын талаарх өнөөгийн Франц судлаачдын үнэлэлт дүгнэлтийг Монголчуудад хүргэх зорилгоор Парис хотноо зохион байгуулагдаж буй “Зуун дамжсан Монгол 1912-1913” үзэсгэлэнгийн агуулгыг түлхүү ашиглан Стефан Пассейн Монголын талаарх сэтгэгдлийг үзэгчдэд  хүргэж байна.

Та бүхэн БСШУЯ, Францын элчин сайдын яамнаас зохион байгуулж буй үзэсгэлэнд ирснээр 100 жилийн тэртээх тусгаар тогтнолоо олж дахин сэргэсэн Монгол хүмүүс, Нийслэл Хүрээний дүр төрхийг эргэн харж Монголын түүхийн нэгээхэн хэсгийг танин мэдэх болно. Үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 30-ны 17.00 цагт

Монголын уран зургийн галерейд болох юм.

М.УРИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж