Сэтгүүлчид мод тарилаа

Хуучирсан мэдээ: 2012.04.28-нд нийтлэгдсэн

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын сэтгүүлчдийн эвлэл хамтран өнөөдөр “100 сэтгүүлч-100 мод” арга хэмжээ зохион байгууллаа. Энэ хүрээнд хэвлэл, мэдээллийн салбарын ажилтнууд “Баянмонгол” хорооллын урд, “Маршал таун” хотхоны зүүн талд байрлаж буй Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд мод тарьсан байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр өмнө нь сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр нийслэлийн ногоон байгууламжид хувь нэмэр оруулж, мод тарих үйлст сэтгүүлчдийг оролцуулахаар болсон юм. Үүний дагуу  хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан, өдгөө ажиллаж буй үе үеийн сэтгүүлчид, сэтгүүл зүйн багш нар  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. Өнгөрсөн долоо хоногт 20 мод тарьсан тэд энэ удаад 60 мод тарьж байгаа юм. Дараагийн удаад 20 мод тарьснаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “сэтгүүлчдийн төгөл” 100 модтой болох ажээ.

Нийт 1280 мянган га талбайг хамрах нийслэлийн хамгийн том ногоон байгууламж болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг барьж, байгуулах ажил 2009 онд эхэлсэн юм. Одоогоор техник, эдийн засгийн үндэслэл болон шаардлагатай судалгаа гарч, энэ онд 183 га газрын ерөнхий төлөвлөгөө хийгджээ. Эхний ээлжинд 30 га газрын нарийвчилсан зургийг гаргасан байна. Дээрх 30 га талбайг тохижуулах хүрээнд хэвлэл мэдээллийн салбарынхан өнөөдөр очиж, мод тарилаа. Цаашид салбар, салбарын төлөөлөл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцох гэнэ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж