Украйны Ерөнхий сайд асан Юлия Тимошенко татвараас зайлсхийсэн хэргээр Харьков хотын шүүхэд дуудагджээ. Гэвч Юлия Тимошенкогийн эрүүл мэнд муу байгаагаас шүүх хуралд оролцохоос татгалзжээ. Украйны экс-ерөнхий сайдад албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр долоон жил шоронд хорих ял оноосон юм. Юлия Тимошенког өнгөрсөн долоо хоног шоронгийн гурван хуяг гэдэс рүү нь өшиглөснөөс дотуур бэртэл авсан гэж Украйны сөрөг хүчнийхэн мэдэгдсэн боловч эрх баригчид үүнийг үгүйсгэж байгаа гэнэ.
Юлия Тимошенкод тулгасан ялыг барууны орнууд эсэргүүцэж, улс төрийн явуулга болсон гэж буруутгаж байгаа билээ. Хэрэв шүүх түүнийг татвараас зайлсхийсэн хэрэгт буруутайг тогтоовол тэрбээр дахин 12 жил шоронд ял эдлэх аж. Юлия Тимошенко өөрт нь тулгасан ял нь Украйны Ерөнхийлөгч Виктор Януковичийн улс төрийн өшөө авалт гэж үзэж байгаа юм. Юлия Тимошенко өчигдрөөс эхлэн шоронд өлсгөлөн зарлаж эхэлжээ. Өчигдөр интернэтээр цацагдсан зургийг хуягуудад өшиглүүлснээс тав хоногийн дараа буюу өнгөрсөн лхагва гаригт авсан гэнэ.
Н.ЭНХ