Нэг саяыг ирэх долоо хоногт олгоно

Хуучирсан мэдээ: 2012.04.28-нд нийтлэгдсэн

Нэг саяыг ирэх долоо хоногт олгоно

“Хүний хөгжил сан”-гаас ахмад настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг гурав хувааж  олгохоор болсон билээ. Тодруулбал, тэдэнд энэ оны хоёрдугаар улирал буюу дөрөв, тав, зургадугаар сард тус бүр 330 мянган төгрөг олгохоор төлөвлөсөн. Уг нь энэ сарын 23-наас эхлэн олгож эхэлнэ гэж байсан боловч өдийг хүртэл ахмад настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд эхний ээлжийн 330 мянган төгрөгөө аваагүй байна. ХХҮГ-аас сая төгрөг авах эрх бүхий хүмүүсийн материалыг энэ сарын 9-өөс авч эхэлсэн боловч хэзээ сая төгрөгийг олгож эхлэх нь тодорхойгүй байна. Тэгвэл энэ талаар ХХҮГ-ын мэргэжилтэн Ц.Батсүрэнгээс тодрууллаа.

-Ахмад настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд энэ сарын 20-оос эхэлж сая төгрөгийг олгож эхлэхээр болсон. Гэтэл өдийг хүртэл  иргэд мөнгөө авч чадаагүй байна?

-Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сая төгрөгийг бэлнээр олгохтой холбогдуулан Монгол Улсын иргэнд хишиг хувь хүртээх журамд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тодруулбал, сая төгрөг авах эрх бүхий дээрх иргэдэд мөнгийг нь энэ оны хоёрдугаар улиралд багтаан олгохоор болсон байгаа. Уг нь бидний урьдчилан тооцож байснаар энэ сарын 20-оос эхлэн дээрх иргэд мөнгөө авч эхэлнэ гэж байсан боловч зарим шалтгааны улмаас ажил түр саатаад байна. Тухайлбал, ажлын байр маань Хан-Уул дүүрэгт нүүж ирсэн төдийгүй зарим сум, хороодоос иргэдийн хүсэлт гаргасан материалыг авч дуусаагүй байна.

-Иргэдийн материалыг энэ сарын 9-өөс авч эхэлсэн. Гэтэл яагаад одоо болтол нэгтгээгүй байгаа юм бэ?

-Бид мөнгө олгож эхлэхээс өмнө бүрдүүлэх материалаа сум, хороондоо бүрдүүлж өгөх шаардлагатайг анхааруулж байсан. Тэр ч бүү хэл бид энэ талаар семинар сургалт зохион байгуулж, иргэдэд хангалттай мэдээлэл өгсөн гэж бодож байна. Гэтэл одоо болтол зарим иргэд өргөдлийн маягтаа бөглөөгүй, шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлээгүй байгаа талаар дүүргүүд болон орон нутгаас мэдээлэл ирүүлсэн. Тухайн иргэн ямар ч шалтгаантай байж болно. Зарим нь бэлэн мөнгө биш хувьцаагаа авах сонирхолтой ч байж болно. Нөгөө хэсэг нь хамт яваад бичиг баримтыг нь хөөцөлдөөд өгөх хүнгүй ч байж болно. Бид аль болох иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор тухайн иргэний асран хамгаалагчийг өмнөөс нь хүсэлт гаргаад, өргөдлийн маягт бөглөж болох тухай ч журамд заасан байгаа.

-Санхүүжилт болох 110 тэрбум төгрөг шийдэгдээгүй байсан. Санхүүжилт шийдэгдсэн үү?

-Бид бүх материалаа нэгтгэж байж Сангийн яам руу явуулна. Улмаар тэндээс бүх материалыг нягталсны дараа санхүүжилтыг олгох ёстой. Тиймээс иргэд өөрсдөө энэ асуудал дээр шаламгай хандаж, дүүргүүдийн ХХҮХ шуурхай ажиллах шаардлагатай байна. Гэхдээ ирэх долоо хоногоос хэтрэхгүй мөнгийг олгож эх­лэх болов уу. Ахмад настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд сая төгрөг авах нь худлаа боллоо гэж айж байгаа тухай яриа байсан. Ер нь манайхан аливаа асуудлын учрыг бүрэн ойлгоогүй байж бусдын ам дамжсан ярианаас буруу ташаа ойлголт авдаг. Тэгвэл Сангийн яаманд санхүүжилт нь бэлэн болчихсон, төсөв мөнгө нь бүгд байгаа. Тиймээс ямартай ч энэ ондоо ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд сая төгрөгөө гурав хувааж, бэлнээр авах болно.

-Иргэд ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ?

-Өндөр настнууд сум хороод дээрээ байгаа өргөдлийн маягтыг бөглөн иргэний үнэмлэхний хуулбартай хамтатган өгөх хэрэгтэй. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэд иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон акт хоёрыг дээрх өргөдлийн маягтыг бөглөн өгөхөд л хангалттай. Өөр ямар нэгэн зүйл нэмж бүрдүүлэх шаардлагагүй.

-Хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон актыг хаанаас авах вэ?

-Аль нэгэн газраас авах шаардлагагүй. Хөгжлийн бэрхшээлтэй бүх иргэдийн гар дээр энэ акт нь байх ёстой. Харин хөдөлмөрийн чадвараа 10-аас дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон акт олгодог юм.

-Улсын хэмжээнд сая төгрөг авах 330 гаруй мянган иргэн байгаа гэсэн. Одоогийн байдлаар иргэдийн хэдэн хувь нь хүсэлтээ ирүүлээд байгаа вэ?

-Улсын хэмжээнд сая төгрөг авах эрх бүхий 330 гаруй мянган хүн бий гэсэн тооцоо гарсан. Үүний 60 гаруй хувийг ахмад настан эзэлж байгаа. Харин 130 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн сая төгрөгийг бэлнээр авах урьдчилсан тооцоо гарсан. Улмаар одоогийн байдлаар 165793 ахмад, 73847 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 3380 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нийтдээ 243022 хүн хүсэлтээ ирүүлээд байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон асрамжийн газарт байгаа ахмад настнууд яаж энэ мөнгийг авах вэ?

-Өргөдөл гаргаж, нэрсээ бүртгүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын хувьд өмнө нь сая төгрөгөө бэлнээр авсан эсэхийг нягтлана. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд асран хамгаалагчаараа дамжуулан мөнгөө авах боломжтой. Асрамжийн газарт байгаа ахмадуудын хувьд шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлээд асрамжийн газраараа дамжуулан хүсэлтээ гаргаад авна. Тиймээс хэн нэгэн энэ мөнгөний гадна үлдэх ямар ч асуудал байхгүй. энэ нь тухайн иргэний өөрийн хариуцлагаас хамаарна.

-Зарим хүмүүс сая төгрөг олгох асуудал хоёрдугаар улирлаар дуусгавар болно гэж ойлгож байгаа. Энэ талаар?

-Энэ оныг дуустал үргэлжилнэ. Бид ирэх долоо хоногоос сая төгрөгийг олгож эхлэхдээ дөрөвдүгээр сарын мөнгийг нь тооцож олгоно. Энэ онд 55, 60 нас хүрэх хүмүүс төрсөн өдрөө хүлээж байгаад энэ жилдээ багтаагаад сая төгрөгөө авах боломжтой шүү дээ.

Х.ӨНӨРЖАРГАЛ

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж