П.Өнөрбат олимпийн эрхээ авлаа

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

П.Өнөрбат олимпийн эрхээ авлаа

Хятадын Тайюань хотноо “Лондон-2012” зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн төрөлд олимпийн эрх олгох тэмцээнд зодоглож буй Монголын тамирчин П.Өнөрбат дөнгөж сая Туркийн тамирчинг ялснаар мөнгөн медалийн болзол хангаж, олимпийн эрхээ өвөртөллөө. Ийнхүү тэрбээр “Лондон-2012”-ыг зорих Монголын тамирчдын тоог 15 болгов.

Эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх болон сонгомол бөхийн төрөлд нийт 36 эрх олгох тус тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 55, 60, 66, 74, 84 болон 96 кг-ын жингийн барилдаан болж байгаа юм. Хятадын дэвжээнд өнөөдөр гарч, барилдсан Монголын тамирчдаас П.Өнөрбат ийнхүү эрхээ өвөртөлсөн бол бусад тамирчид маань тэмцээнээ дуусгаад байна.

Олимпийн эрх олгох журмын дагуу энэ удаагийн тэмцээнээс эрэгтэйчүүдийн төрөлд эхний гурав, харин эмэгтэйчүүдийн төрөлд эхний хоёр байрт шалгарсан тамирчдад эрх олгох юм.

П.Өнөрбатын тухайд 74 кг-ын жинд зодоглож, эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Вьетнамын Кан Тат Дуг 4-0; 4-0-ээр хоёр үед, улмаар Хятадын Жан Чуняаог 4-0; 0-1; 4-1 харьцаатай дийлсэн. Ингээд мөнгөн медалийн төлөө Туркийн тамирчин Демират Сонерыг 1-0; 0-3; 5-0 харьцаатай ялснаар “Лондон-2012” олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох боломжтой боллоо. Одоо тэрбээр тэмцээний аваргын төлөө Унгарын тамирчин Габор Хатостой барилдах юм.

НЭМЭЛТ /2012.04.28/:

Мөнгөн медалийн болзол хангаснаар олимпийн эрхээ өвөртлөөд байсан П.Өнөрбат аваргын төлөө Унгарын тамирчин Габор Хатостой барилдаж, 1-0; 2-2 харьцаатай ялснаар аваргын алтан медаль хүртсэн байна.

Монголын бусад тамирчдын тухайд, 55 кг-ын жинд барилдсан ОУХМ Т.Даваахуяг эхний тойрогт Азербайжаны бөх Яшар Алиевыг 3-0; 0-1; 1-0 харьцаатай, дараа нь Германы тамирчин Кристоф Эвальдыг 1-0; 2-0 оноогоор ялсан ч удаахь барилдаанд БНСУ-ын Ким Жин Чьёлд 0-1; 0-2 харьцаатай ялагдсан юм. Харамсалтай нь, манай тамирчныг ялсан БНСУ-ын бөх дараагийн барилдаанд дэлхийн аваргын хошой аварга, Узбекистаны тамирчин Дилшод Мансуровт ялагдсан тул Т.Даваахуяг дагах барилдаанд зодоглох боломжгүй болов.

60 кг-д Б.Баянмөнхийн тухайд эхний тойрогт Узбекистаны
Бахрам Ерматовыг 2-4; 4-1; 6-0 харьцаатай ялсан ч дараагийн барилдаандаа
БНАСАУ-ын бөх Ри Жон Мёнд 0-3; 4-5 харьцаатай ялагдсан. Харин БНАСАУ-ын
тамирчин цаашид амжилттай барилдаж, аваргын төлөө барилдах эрхтэй
болсон тул Б.Баянмөнх дагах барилдаанд зодоглох боломжтой болсон юм.
Улмаар манай тамирчин Их Британийн тамирчинг ялсан ч дараагийн барилдаанд Албанийн бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.

66 кг-ын жингийн төлөөлөл Б.Мянганбаяр Гвиней-Биссау улсын тамирчин Куинтино Интипег 5-1; 4-2 харьцаатай хоёр үед ялсан ч дараагийн тойрогт Туркийн Гор Якупт 1-0; 2-0-ээр ялагдсан. Улмаар Туркийн тамирчин дараагийн барилдаандаа ялагдсан тул манай тамирчин дагах барилдаанд барилдах боломжгүй болсон юм.

84 кг-д барилдсан П.Өсөхбаатар эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Японы бөх Ацүши Мацүмотод 1-0; 0-1; 0-3 оноогоор ялагджээ. Японы тамирчин дараагийн барилдаандаа Болгарын Михаил Петров Ганевт дийлдсэн байна.

Харин 96 кг-ын жинд Ч.Ганзориг эхний барилдаанаа Венесуэлийн бөх Луис Фелипе Вивенес Урбанеятай хийж, 1-0; 3-0-ээр ялсан ч хоёрдугаар тойрогт Унгарын Гергелий Сандор Кисст 1-1; 3-2 харьцаатай дийлдсэн байна. Унгарын тамирчин гуравдугаар тойрогт Украйны бөхөд ялагджээ.

Тэмцээний хуваарийн дагуу бямба гаригт чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 120 кг, сонгомол бөхийн 55, 60, 66, 74 ба 84 кг-ын жингийн барилдаан болно. Монголын эмэгтэй тамирчдын тухайд ням гаригт олимпийн эрхийн төлөө барилдана. 48 кг-ын жинд Д.Отгонцэцэг, 55 кг-д С.Бямбацэрэн, 72 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Бурмаа нар зодоглох юм.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж