Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар зэвсэгт хүчин, тэр дотроо зэвсэгт хүчний сор болсон генералуудын асуудлыг бүхий л талаар дэмжиж ирсэн төдийгүй цаашид ч энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх болно гэдгээ Ерөнхий сайд хэллээ. Тухайлбал генерал цолны нэмэгдлийн асуудлыг УИХ-ын тогтоолын түвшинд бус хуулийн төсөл боловсруулж, шийдвэрлэх асуудлыг Засгийн газрын тэргүүний хувьд дэмжинэ гээд төслийг ойрын хугацаанд боловсруулахыг салбарын сайдад үүрэг болголоо.
1944 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор анх генерал цолыг эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгох журам гаргаж Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Эрэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын 11 хүнд олгосон түүхтэй. Эдүгээ энэ эрхэм хүндэт цолыг 158 хүн хүртээд байна.