-“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт таныг “TV-5” телевизийн захирал байсан МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэлтэй муудалцсан гэдэг мэдээлэл гарчээ. Энэ мэдээллийн талаар таниас тодруулах гэсэн юм?
-Өнөөдөр өглөө ажилдаа ирээд өдөр тутмын сонинуудыг унштал “Өдрийн сонин”-д маш цочирдмоор материал гарсан байсан. Би чинь Д.Сарангэрэлтэй тааралдалгүй бараг сар орчим болсон байх аа, юун ийм хэрүүл хийх. Гол нь УИХ-ын сонгууль дөхөж байгаа учраас улстөрч эмэгтэйчүүдийн нэр хүндийг ямар нэг байдлаар унагах бодлоготойгоор захиалгатайгаар, зорилготойгоор ийм материалыг хэвлэн нийтлүүлсэн юм байна даа л гэж харж сууна. Би өглөөнөөс хойш “Өдрийн сонин”-ы удирдлагатай ярих гээд утас руу нь залгаад одоог хүртэл холбогдож чадаагүй л байна. Гэхдээ “Танан гэдэг нэртэй сэтгүүлч энэ сонинд байдаггүй ээ” гэж хэлсэн. Тийм учраас хуурамч нэртэй материалаар бидний нэр хүндийг унагаах оролдлого хийжээ гэж ойлгож байгаа.
-Тийм хэрүүл огт болоогүй гэсэн үг үү?
-“Өдрийн сонин”-д гарсан шиг юм бидний хооронд болоогүй, бидний харилцаа хэвийн. Тийм учраас тэр материалыг бичиж нийтэлсэн сэтгүүлч мэдээллээ нягталж, нарийн учрыг олж, эргэж хандаасай гэж бодож байна.
-Ер нь та Д.Сарангэрэл даргатай өмнө нь санал зөрсөн асуудал бий юу?
-Улстөрд байгаа хүмүүсийн дунд янз бүрийн асуудлаар санал зөрөх, нэгдэхгүй байх нь энгийн л байдаг асуудлын нэг шүү дээ.
-Хэвлэлүүд бол ор үндэсгүй мэдээлэл бичдэггүй, заавал эх сурвалжтай байдаг. Магадгүй танай дотроос “шидсэн” чулуу биш байгаа даа?
-УИХ-аас баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд хэвлэл, мэдээллийн байгууллагууд хариуцлагатай, ёс зүйтэй, зарчимтай байх маш тодорхой заалтуудыг тусгаж өгсөн. Хэрвээ та хүний тухай бичих гэж байгаа бол захиалагчийг нь авсан төлбөртэйгээ гэрээн дээрээ бичих үүрэгтэй. Мөн сонин нийтлэлийн бодлогоороо энэ асуудлыг бичих бол бас тодорхой хариуцлага хүлээнэ. Өөрөөр хэлбэл, нягтлаагүй, үндэслэлгүй материалыг бичсэн тохиолдолд хариуцлага хүлээж, торгуулиа төлнө. УИХ-аас баталсан Сонгуулийн хуулийн хамгийн хариуцлагатай заалт энэ. Тэгэхдээ би “Өдрийн сонин”-той шүүхдэлцэж, цагдаа сэргийлэх болоод явалтай биш. Гол нь тус сониныхон энэ мэдээллийг хараад хүний ёсоор хандаасай л гэж бодож байна.