МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш “танхимд жижиг дунд үйлдвэрийн бизнес эрхлэгчид болон аж ахуй нэгжүүд элсэх үүд хаалга нээлттэй. Гишүүн болсоноор бизнесийн нэгдсэн судалгаа, мэдээллийг авч байхаас гадна гадны болон дотоодын байгууллагатай хамтран ажиллах, аливаа сургалтанд хамрагдах боломжтой” хэмээн хэлж байсан.
“JCI Лидер байгууллага” маргааш 10.00-18.00 цагийн хооронд Засгийн газрын 11 дүгээр байранд хувь хүний хөгжлийн тухай сургалтыг үнэ төлбөргүй хийх тухайгаа арга хэмжээний үеэр мэдэгдэж байлаа. Хамтын ажиллагааны санамж бичиг болон JCI лидер байгууллагын үйл ажиллагааны талаар тус байгууллагын бизнесийн зөвлөлийн захирал Б.Жаргалсайханаас тодрууллаа.
-Өнөөдрийн санамж бичгийн хүрээнд цаашдаа хэрхэн хамтран ажиллах вэ?
-Манай байгууллага нь ерөнхийдөө бизнес эрхлэгчдийн бизнесийн болон хувь хүний хөгжлийг дэмжих талаар сургалт, арга хэмжээг зохион байгуулж, гишүүдийнхээ энэ салбар дахь байр суурийг нэмэгдүүлэх, нийгмйин сайн сайхны төлөө хандсан чиглэлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг юм. Ер нь 18-40 насны хүмүүсийг хамардаг юм. Өнөөдрийн энэ санамж бичгийн хүрээнд МҮХАҮТ-тай хамтран гурван жилийн хугацаатай албан ёсоор хамтран ажиллахаар боллоо. Ингэхдээ JCI байгууллагаас МҮХАҮТ-д гишүүнээр элсэх хүсэлтийг гаргасан тохиолдолд танхимын зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлэх, талууд санамж бичгийн хүчин төгөлдөр хугацаанд жилд заавал нэг арга хэмжээг хамтран зохион байгуулах, мөн сургалт, үзэсгэлэн яармаг зэрэг үйл явдлуудыг дэмжих учиртай юм. Энэ хамтын ажиллагааг үр өгөөжтэй болно гэдэгт найдаж байна.