Энэ сарын 27-29-нд үргэлжлэх тивийн аваргын эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 63, 70, -78 ба +78 кг-ын жингийн барилдаан болж байгаа юм. Эдгээр жинд Монголын тамирчдаас Ч.Болдбаатар /60 кг/, С.Мияарагчаа /66 кг/, С.Ням-Очир /73 кг/, Ц.Мөнхзаяа /63 кг/, Ц.Наранжаргал /70 кг/, П.Лхамдэгд /-78 кг/, Д.Цэрэнханд /+78 кг/ нарын тамирчид өрсөлдөж байна.
Тэмцээний хэсгийн барилдаанууд өндөрлөж, медалийн төлөө барилдах бөхчүүдийн нэрс тодроод байна. Монголын тамирчдаас эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Мөнхзаяа, -78 кг-ын жинд ОУХМ П.Лхамдэгд нар аваргын төлөө барилдах эрхтэй болсон бол эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Ч.Болдбаатар, 66 кг-д С.Мияарагчаа, эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Наранжаргал, +78 кг-д Д.Цэрэнханд нар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болоод байна.
Харин ОУХМ С.Ням-Очир /73 кг/ хэсгийн барилдаанд ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. Тэрбээр эхний тойрогт хийлж, удаахь тойрогт Японы бөх Шохей Онод цэвэр ялагдсан юм.
60 кг-ын жинд ОУХМ Ч.Болдбаатар Афганистан болон Тайванийн бөхчүүдийг ялж, БНСУ-ын жүдочид ялагдсанаар хүрэл медалийн төлөө Хятадын тамирчин А Ламуситэй барилдахаар болжээ.
66 кг-ын жинд барилдаж буй ОУХМ С.Мияарагчаагийн тухайд эхний барилдаанд Саудын Арабын Сулиман Хамадыг цэвэр, дараа нь Ираны Вахид Банаг мөн цэвэр ялснаар хэсгийн аварга болсон. Харамсалтай нь, мөнгөн медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын тамирчин Чой Мин-Ход цэвэр ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдах болж байна. Түүний өрсөлдөгч нь Киргизстаны жүдоч Ислам Байалинов юм.
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн төлөөлөгч ОУХМ Ц.Мөнхзаяа Иран, Туркменистаны бөхчүүдийг цэвэр ялж, дараа нь БНСУ-ын жүдоч Жун Да-Унг мөн цэвэр ялснаар аваргын төлөө барилдахаар болоод байна. Тэрбээр одоо Японы тамирчин Ёшиэ Уэнотой хүч үзнэ.
70 кг-д барилдаж буй Ц.Наранжаргалын тухайд хэсгийн барилдаанд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт БНАСАУ-ын жүдочид ялагдсан. Гэхдээ дагах барилдаанд зодоглож, Пакистаны бөх Фоузиа Мумтазыг цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө Хятадын тамирчин Чен Фейтэй барилдахаар болоод байна.
ОУХМ П.Лхамдэгд /-78 кг/ эхний тойрогт хийлж, дараа нь Ираны Сахар Чагхалвандыг цэвэр ялснаар хэсгийн аварга болсон. Улмаар Японы Томоми Окамураг юүко үнэлгээгээр ялснаар аваргын төлөө Хятадын тамирчин Жан Жехуйтай барилдахаар болжээ.
Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох +78 кг-ын жинд барилдаж буй Гавьяат тамирчин Д.Цэрэнхандын тухайд хэсгийн барилдаанд Японы бөх Нанами Хашигүчид дийлдсэн ч тус жинд долоон бөх зодоглож буй тул манай тамирчин хүрэл медалийн төлөө БНСУ-ын Ким На-Ёнгтой барилдахаар болоод байна.