Энэ онд Улсын филармонийг үүсгэн байгуулагч Ц.Намсрайжавын мэндэлсний 85, симфони найрал хөгжмийн 55 жилийн ой тохиож байгаа юм. Үүнийг угтаж, филармоний уран бүтээлчид ур чадвараа гаргаж, урын сан дахь дэлхийн болоод Монголын шилдэг бүтээлүүдээ нэг дор дэлгэхээр шийджээ. Тэд дөрөвдүгээр сарын 27-нд буюу өнөөдөр 19.00 цагт үлээвэр, цохивор хөгжимчдийн хамтарсан тоглолтыг толилуулах гэж байна. Энэ үдэш В.А.Моцарт, Э.А.Цветков, Р.М.Глиэр Пуленк Франсис нарын бүтээл эгшиглэж, Александр Арутюняны нарийн бүрээнд зориулсан гайхамшигт концерт сонорыг тань мялаах болно. Тоглолтын концертмейстерээр Соёлын тэргүүний ажилтан Б.Гантулга ажиллах бол симфони найрал хөгжимийг Б.Батбаатарын удирдлага дор эгшиглүүлэх нь ээ. Тоглолтод Улсын филармонийн симфони найрлын гоцлол хөгжимчин, соёлын тэргүүний ажилтан П.Жаргалсайхан, Ч.Сүхгэрэл, Ш.Булган, Д.Отгонбаатар, С.Мөнхзаяа, Б.Нямдаваа нар оролцоно.
Г.ДАША