Б.Эрдэнэбилэг согтуугаар, шунахайн сэдэлтээр 2009 оны 1 дүгээр сарын 8-ны шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байранд Н-д хутга, заазуур тулгаж, монетон ээмэг, бөгж, гинж, гар утас зэрэг нийт 1 сая 455 000 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн. Улмаар мөн хохирогчид хутга заазуур тулгаж айлган, тохуурхан даажигнаж, хүч хэрэглэж хурьцал үйлдсэн гэмт хэргийг үйлджээ.
Мөн өнгөрсөн оны 8 дугаар сарын 26-27-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Сод Монгол” шатахуун түгээх станцын урд замд 40-44 УНО улсын дугаартай “Тоёото марк-2” загварын автомашиныг согтуугаар жолоодон яваад Х-ын “57-51 УБД” улсын дугаартай автомашиныг мөргөж, 259.500 төгрөгийн хохирол учруулан зам тээврийн осол гаргасан, уг үйлдлээ нуух, хариуцлагаас зайлсхийх зорилгоор осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан аж.
Түүнчлэн 2011 оны 8 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 3 цагийн орчим согтуугаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 3 дугаар байранд өөрийн найз 35 настай эмэгтэй Д-тэй хардалтын улмаас маргалдан сүхээр удаа дараа цохиж, биед нь олон тооны гэмтэл, шарх сорви үүсгэн онц харгис хэрцгий аргаар санаатай алсан, уг гэмт хэргээ нуун далдлах, хялбарчлах зорилгоор гэмт хэрэг үйлдэхийг харсан, талийгаач Д-ийн эх, 60 настай Ү, эцэг, 60 настай Б нарыг өндөр настай, биеэ хамгаалж чадахгүйг далимдуулан, ойр дотных нь хүний дэргэд удаа дараа хутгалж, санаатай алсан гэмт хэргийг үйлджээ. Тэрээр мөн шунахайн сэдэлтээр хохирогчдын бие болон гэрээс нь алтан ээмэг, бөгж нэг хос, монетон бөгж, ээмэг, бөгжний хослол, талсттай ээмэг, бөгж, сувдан зүүлт, талийгаач Д-ийн “Худалдаа хөгжлийн банк”-ны цалингийн карт, гар утас, 200000 төгрөг зэрэг нийт 1 сая 200 000 төгрөгийн эд зүйлийг авч явсан байна.
Мөн талийгаач Д-ийн хүү Б-г “ална шүү” хэмээн хутга, сүх барьж заналхийлэн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн, гар, хөлийг нь хүлж, түүний мөнгөн гинж, чихэвч, “LG k-800” загварын гар утас, өмд, ботинк, цамц, тэлээ зэрэг нийт 395.000 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн аж.
Үүнээс гадна Б.Эрдэнэбилэг, Ш.Гантулга нар бүлэглэж 2009 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 20-23 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байранд Э, Ц нарыг зодож, хохирогч нарын биед хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан. Улмаар танхайн сэдэлтээр Э, Ц нарыг хүнд зэргийн согтолттой буюу биеэ хамгаалах чадваргүй байгааг мэдсээр байж хүлж орхин санаатайгаар алахыг завдсан байна. Түүнчлэн хохирогч М-ыг хүнд зэргийн согтолттой буюу биеэ хамгаалах чадваргүй байхад нь гар, хөл, хүзүү, биеийг нь кабелийн утсаар хүлж орхин санаатай алсан гэмт хэргийг үйлджээ.
Ц.Жаргалбаярын цаазын ялыг хэвээр үлдээв
Хуралдаанаар мөн Ц.Жаргалбаярт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан цаазаар авах ялыг хэвээр үлдээсэн байна.
Ц.Жаргалбаяр нь согтуугаар 2011 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 1-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн гэртээ танхайн сэдэлтээр хохирогч У-г үл ялих зүйлээр шалтаглан хутгаар хүзүүний баруун хэсгийн араас урагш, баруунаас зүүн, дээрээс доош чиглэлтэй суваг үүсгэж баруун талын буулган венийг зүсэж, олон тооны шарх үүсгэн, цус алдалтын шоконд оруулж, улмаар толгойг их биенээс таслан онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн юм.