
МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших
боломжтой хүмүүсийн талаар намын анхан шатны байгууллагын хурлаар
хэлэлцүүлэг явуулах журмын төслийг баталсан. Ганц МАН ч биш, АН болон
улс төрийн бусад намууд дор бүрнээ нэр дэвшигчдээ тодруулж, тандалт
судалгаа явуулж буй. Хэдийгээр намууд нэр дэвшигчид эцсийн байдлаар
тодроогүй хэмээн хав дарж байгаа ч халуун намраас PR –аа хийгээд эхэлсэн
нөхдүүд бас цөөнгүй бий. Ялангуяа МАН-ын мөнгөлөг залуус.
Мөнгөлөг
гэснээс энэ удаагийн сонгуульд МАН мөнгөлөг, өнгөлөг залуусаар имижээ
бүрдүүлж буй. “Сод монгол” группын захирал Ц.Анандбазар, “МАК”-ын
захирлын хүү Н.Номтойбаяр, Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэг гээд сайн
эцгийн буянд тосонд умбаж, торгонд хөлбөрч өссөн танхил үрс
сонгуульдахаар хөөрөөд удаж байна. Нэг нь бүр сайд болчихсон гэж
байгаа.
Залуусаа дэмжих бодлого баримталж буй гэх МАН ийнхүү
өнгөтэй мөнгөтэй эрхмүүдийг уургалан авч, намын нэрийн өмнөөс сойхоор
зэхэж буй нь нэгэнт гэрэл цохичихсон. Тэд нь ч намын хаягтай нэр
дэвшигчийн мандат өвөртлөхийн тулд хэдэн тэрбумаар нь хаясан дуулддаг.
Нэг талаараа ууган намын мандат энэ зэргийн үнэ хүрэлгүй яахав хэмээн
тайвширч болох ч нөгөө талаараа төрд шургалахын тулд ийнхүү улайрч буй
нь юу вэ гэх хар бас дагана. Худлаа тойруулаад яахав МАН-аар дамжин,
УИХ-д дөрөөлж буй дээрх нэр бүхий эрхмүүд цөм бизнесменүүд. Өөрөөр
хэлбэл бүгдэд нь ямар нэг хэмжээгээр эрх ашиг бий. /Хүн бүрт байдаг тэр
эрх ашгийг хэлээгүй шүү/ Чухам тэр эрх ашгийнхөө төлөө ийнхүү УИХ-д
сонгуульд нэр дэвшиж байна гэсэн хардлага нийгэмд аль эртнээс төрсөн.
Тэр эрх ашиг нь УИХ-ын гишүүн гэдэг сэтэр төдий биш шүү. Харин түүгээр
дамжуулан хүрч болох өөр бусад эрх ашгууд.
Тэр эрх ашгуудын
төлөө МАН-ын өнгөлөг залуус өнөөдөр өглөгч эзний дүрд хувиран олныг
төөрөгдүүлж яваа. Гэхдээ төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэгчээр
сонгогдоогүй тэдний өмнөөс өнөөдөр нервитээд яахав. Эрх биш монголчууд
нэг үеэ бодвол мөнгөтэй л бол сайн хүн биш гэдгийг ялгахтайгаа болсон
болохоор. Харин би нэг л юмнаас айж байна. Бүр үхтлээ айж байна. Чухам
тэрийгээ л хэлэх гээд ийнхүү оршил олныг тоочлоо. Сонгуулийн тов гарсан
тухай сонсоод надад хамгийн түрүүнд 6-р сарын 29, 30 –нд яанаа. Гайгүй
байгаа. Тэр олон мөнгөтэй хүмүүс нэр дэвшинэ. Хамаг байдгаа барж, үхэн
хатан улайрцгаасан тэд сонгогдохгүй бол яах бол гэх айдас төрснөө
нуугаад яахав.
Ингэтлээ эмээж буйн учир нь өнгө мөнгөөр дулдуйдан
нэр дэвшиж буй эрхмүүдийн талаар бид сайнаасаа саарыг нь олон сонсож
байлаа. Хэрвээ тэр бүхэн үнэн бол хамаг байдгаараа сонгуульдсан нөхдүүд
юу ч хийж мэднэ. Унасан бөх ууртай гэгчээр 7-р сарын 1-нээс ч илүү юм
болбол яана. Том тоглоомоор тоглож сурсан тэд чулуу энэ тэрхнээр
байлдахгүй биз. Хэрвээ тэгвэл…. Үүнээс цааш ярихыг бас бодохыг
хүсэхгүй байна. Гэхдээ сэрэмж хэзээ ч илүүдэхгүй. Тэр тусмаа МАН-ын
мөнгөтэй залуусаас.
Эх сурвалж: http://www.topmedee.mn/