“Эсрэг дурлал” өнөөдөр нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

“Эсрэг дурлал” өнөөдөр нээлтээ хийнэ

Дэлхийн анхны роман өнөөдөр Монголын тайзнаа жүжиг болон амилна. Японы зохиолч Мүрасаки Шикибүгийн “Гэнжийн туульс” романаас сэдэвлэн бичсэн “Эсрэг дурлал” драмын жүжиг Монголын тайзнаа анх удаа ийнхүү нээлтээ хийх гэж байна.

Уг романыг монгол хэлнээ О.Жаргалсайхан орчуулж, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч, зохиолч Б.Галаарид жүжгийн зохиолын хэлбэрт оруулан бичжээ.

“Гэнжийн туульс” роман нь Япондоо “Монголын нууц товчоо”-той  дүүцэхүйц бүтээл аж. Япон хүн бүр энэхүү туульсаа мэддэг, маш их хайрладаг бөгөөд дэлхийн 30 орнод орчуулагдсан дэлхий даяар хайр дурлалын романы хамгийн ахнынх гэдгээр нь хүлээн зөвшөөрсөн бүтээл нь аж.

Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд энэхүү жүжгийг тавьж байгаа бөгөөд жүжгийн найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, зураглаачаар Соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Д.Түвшинсайхан нар ажиллажээ.

“Эсрэг дурлал” жүжгийн хоёр бүрэлдэхүүн тайзнаа тоглож үзэгчдийн хүртээл болгох нь ээ. Энэ сарын 27-нд 19.00 цагт эхний бүрэлдэхүүн дэх жүжигчид нээлтээ хийх бол 28-нд нөгөө жүжигчдийн бүрэлдэхүүн нээлтээ хийх гэж буйгаараа их онцлог юм.

“Эсрэг дурлал” жүжгийн Гэрэлт Гэнжид жүжигчин А.Баасанжаргал, Б.Тамир, хаанд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Соёлын тэргүүнйи ажилтан М.Түвшинхүү, Фүжицүбо хатанд Соёлын тэгүүний аижлтан С.Отгонцэцэг, залуу жүжигчин Д.Ганцэцэг, их хатанд гавьяат жүжигчин Г.Урнаа, Соёлын тэргүүний ажилтан Б.Болормаа, нэгдүгээр шивэгчинд гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Соёлын тэргүүний ажилтан Б.Нармандах, хоёрдугаар шивэгчинд жүжигчин Соёлын тэргүүний ажилтан Ц.Баясгалан, Соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэцэцэг, үзэсгэлэнт бүсгүйд Г.Отгонцэцэг, Б.Одончимэг нар тогложээ.

Нээлтийн тоглолт энэ сарын 27-28-нд 19.00 цагт хоёр өдөр болох бөгөөд 29-нд, болон ирэх тавдугаар сарын 4, 5, 6, 11, 13-нд 19.00 цагт УДЭТ-ын тайзнаа “Эсрэг дурлал” амилах нь ээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж