Хятадын Гуандун мужийн Укань тосгоны тариачид өөрсдийн хүчээр тэмцлийн хурц хэлбэрт шилжин бүх хятадуудыг уриалж байна. Тэд өөрсдийн газар нутгаас Коммунист нам, төрийн албаны бүх түшмэдийг хөөн гаргаснаар асуудал Засгийн газрын чихэнд хүрчээ. Одоогийн байдлаар уг тосгоныг цэргийнхэн бүслэлтэд авч, гаднах ертөнцөөс бүрэн тусгаарласан. Ингэснээр хятад даяар Коммунист намын ганц ч түшмэлгүй цорын ганц муж болсон байна. Асуудал хурцдаж тус тосгон руу нэг ч хоол хүнсний зүйл нэвтрүүлэхгүй байгаа нь тэднийг жагсаал хийхэд хүргэжээ.
Жагсаал хийсний дараа нутгийн удирдлагууд болох 20 гаруй иргэнийг Засгийн газраас буруутгаж, улмаар шийтгэсэн байна. Мөнгөн торгууль, хэдэн cap хорих арга хэмжээ авч байгаа талаар Синьхуа агентлаг мэдэгдсэн юм.
Ингэснээр дээрх тосгоны иргэдийг урьдын адил хэвийн байдалд оруулах арга зам гэдгийг зарим эрх баригч мэдэгдсэн юм. Цагдаа нарт зодуулж нас барсан гэх тариачин залуу тосгоныхоо тариачид, загасчид эрх баригчидтай гэрээ хийхээр түүнийг томилсон аж. Ийнхүү амь насаа цагдаа нарын гарт алдсанаар 20 мянга гаруй тосгоны иргэн эсэргүүцлийн жагсаал хийжээ.
Энэ талаар БНХАУ-ын зүгээс хатуу байр суурийг баримталж байгаа гэдгийг гадны хэвлэлүүд бичсээр байна. Жишээ нь CNN агентлаг "Хятадын тосгоны иргэдийг нэг нэгээр нь устгаж байна. Учир нь тосгоны дарга нь хууль бусаар тариачдын газрыг булаан авсан аж. Иймэрхүү төрлийн хүчирхийлэл Хятадад байсаар л байна" гэсэн юм.
Хятадын өнцөг булан бүрт ойрын хугацаанд эсэргүүцлийн жагсаал болох гэж байгаа аж. Тодруулбал, тариаланчдын холбоо үүсч, мянга мянган тариаланчдыг улс даяар болох гэж буй эсэргүүцлийн жагсаалд бэлдэж байгаа бололтой.
Харин Синьхуа агентлагийн мэдээлж буйгаар Хятадын Коммунист намын дарга асан Вукан тосгонд хууль бус үйл ажиллагаа явуулж, иргэдийн газрыг булаасанд буруутгагдаж түүнд 45 мянган ам.долларын торгууль ноогдуулжээ. Мөн энгийн иргэдийн сэтгэл санааг төрийн эсрэг турхирах шалтгааныг үүсгэсэн, жагсаал цуглаан хийх нөхцөлийг бүрдүүлсэн гэх үндэслэлээр 2-3 жилийн хорих ял оноохоор болжээ.
Улмаар зургаан тосгоны удирдлагуудад мөнгөн торгууль ноогдуулсан байна. Тэднийг хууль бус газар булаах ажиллагаанд оролцсон гэх үндэслэлээр ийнхүү торгож байгаа юм байна.
Нөхцөл байдлыг намжаахын тулд Засгийн газраас яаралтай арга хэмжээ авч эхэлсэн байна. Энэ талаар Хятад дахь CNN агентлагийн гэрээт сэтгүүлч нар мэдээлжээ. Засгийн газраас буруутай гэх этгээдүүдийг шүүн цээрлүүлж, энгийн номхон ард иргэдийг тайван байхыг уриалсан байна. Мөн булаагдсан газар нутгийг нь урьдын адил яаралтай олгох, дээрээс нь мөнгөн тэтгэлэг өгөх санал тавьсан талаар нэгэн тариачин эр мэдэгдсэн аж.
Хэрэв нөхцөл байдал намжиж, тариачид эсэргүүцлийн жагсаалаас татгалзах юм бол асуудал эерэг тал руу шилжих нь тодорхой. Тариачдын холбооны нэгэн эр "Бид тайван, сайхан амьдармаар байна. Төрөөс биднийг зүгээр л тайван байлгах хэрэгтэй байна. Бид ямар нэг шахалт дарамтан дор амьдармааргүй байна. Биднийг битгий басамжил. Шударга нийгэмд, эрх чөлөөтэй баймаар байна. Тэрбум хүний нэг болсондоо харамсаж байна" гэсэн үгийг өөрийн цахим хуудсанд үлдээжээ.
Үүний хажуугаар Төвдүүд жагсаал хийв. Тэдний дуу хоолой шатсан ламын цогцсоор дамжин өнгөрч байгаа нь хамгийн харамсалтай. Өөрийгөө зулын гол болгосон ламын тоо 30 гарсан. Эрх чөлөө, эдийн засгийн тусгаар байдал юу юунаас чухал гэдгийг илэрхийлсэн. Дочень мужийн нэгэн тосгонд их хэмжээний лам нар, төвдүүд болон хятад тариачид нэгдэн өөрсдийн дуу хоолойг "VOA" агентлагаар цацжээ.
Нэгэн төвд "Бүгдээрээ эвтэй, сайхан амьдрах боломжийг Засгийн газраас олгох хэрэгтэй. Тэрбум гаруй хүн амтай БНХАУ-ын хувьд цэргийн хүчээр бүхнийг захирч, Коммунист намын хатуу бодлогоор биднийг дарлах боломжгүй. Хүчирхийллийн эсрэг хүчирхийлэл бий болдог. Тэрбум хүний эрх чөлөө, тусгаар тогтнол бидэнтэй ч холбоотой. Хятадын эрх баригчдаас бидний үзэл бодол, дуу хоолой, эрх чөлөөг дээдэлдэг хүн хэрэгтэй байна гэдгийг хэлмээр байна. Хэрэв хүн амын тоог багасгах бодлого явуулаад байгаа юм бол асуудлыг битгий бага ястан, энгийн номхон тариачин ард иргэдэд хамааруул. Битгий тулга" гэжээ.
Дээрх жагсаалын үеэр долоон хүнийг баривчилсан аж. Мөн 13 хүнийг эрүүдэн байцаахаар цагдаагийн хүчнийхэн авч явсан талаар тэд ярьжээ. Хэрэв энэ бүх жагсаал, цуглаан даамжирвал төрийн эргэлт болохгүй гэхийн баталгаа байхгүй талаар "VOA" агентлагийн сурвалжлагч онцолжээ.
Энэ талаар Олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагууд өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байгаа юм. Хятадад хүний эрхийг зөрчиж байна гэсэн баттай нотлох баримт хэтэрхий хомс байгааг онцолсон. Цэргийн хүчнийхэн энд тэнд хараа хяналтаа өндөржүүлсэнтэй холбогдуулан баттай баримт олны өмнө дэлгэгдэхгүй байгааг ч хүний эрхийг хамгаалах байгууллагууд шүүмжилсээр байна.
BBC агентлагаар тариачин эр Занг Шианшин "Миний бодлоор жагсаал цуглаан болж, асуудал хүндрэх үед Засгийн газраас цаасан малгай өмсгөж худлаа дүр үзүүлж байна. Наанаа олон улсад биднийг бодож байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, цаанаа хатуу бодлого, харгислал тээж байгаа. Цэргийн хүчээр биднийг дээрэлхэж байна. Үүнийг дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүн бүхэн мэдэх ёстой" хэмээн ярьжээ.
Ямартай ч Хятадын Засгийн газар өөрсдийн байр суурийг илэрхийлсэн. Эсэргүүцлийн жагсаал хаана хүрч, ямар хохирол амсах талаар хэн ч юу ч мэдэхгүй хэвээр байна. Зарим улсын ажиглагчид янз бүрийн тайлбар өгсөн хэвээр байна. Хятадын ямар нэг газар хууль зөрчсөн, хүчирхийлэл хэрэглэж хүний амь нас эрсдсэн тохиолдолд буруутай хүнийг яаралтай шүүн цээрлүүлж байгаа дүр зураг ажиглагдсан талаар тэд онцолжээ.