20 га газрыг эзлэх гараашуудыг нураах уу?

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

20 га газрыг эзлэх гараашуудыг нураах уу?

Дөрвөн уулын хонхорт шахалдан, чихэлдэн оршдог нийслэлд 20 га газар суллаж гаргая гэвэл бүтэхгүй зүйлийн нэг болно. Тийм хэмжээтэй дүйцэх газарт манай хотын иргэд арван мянга гаруй автомашины гарааш барьчихсан байдаг гэхээр сонин сонсогдож байгаа биз.

Шавар, тоосгон, бетонон, төмөр гэх мэт олон төрлийн гарааш манай хотод бий. Үүнийг хүний аминчхан хүслээс үүдсэн бяцхан, бас богино настай "бүтээн байгуулалт" гэж хэлж болох юм.

Монгол Улсын нийслэлд төмөр хүлэг олширч замын нягтралыг нэмж улам их түгжээ үүсгэсээр байна. Тиймээс л жолооч нар хаа таарсан газартаа унаагаа байрлуулах нь энгийн үзэгдэл болсон билээ. Дараа нь тэд машины цонх дээрээ цавуутай шар цаас наалгаж "шийтгүүлдэг".

Нийслэлийн орон сууцнуудын дунд хайс, зүлэг ч гэж хэлэх юм алга. Улаан шороо бургисан газруудыг Улаанбаатарт машины зогсоолоос өөрөөр ашиглах боломжгүй болчихсон. Зай, талбай гарах юм бол хэн нэг нь машинаа тавьчихна. Эсвэл хотын хаа нэг газарт сүйхээтэй нэг нь жаахан талбай олдвол тэр дор нь чингэлэг буулгаж, тоосгоор машины гарааш босгочихдог.

Ийм гараашууд нэг л мэдэхэд 20 га газрыг эзлэжээ. Энэ 20 га газрыг чөлөөлж давхар гарааш, ил зогсоолуудыг барьснаар нийтийн эзэмшлийн талбайн тохижилт хэвээрээ үлдэнэ. Жолооч биенээсээ өрсөж замын хашлага давуулан зүлгэн дээр машинаа тавьж, шороо, тоос босгохгүй.

Жишээлбэл, 30 машин тавих хэмжээнии талбайд 600 орчим тэрэг багтахуйц давхар гарааш барьчихсан гадныхны туршлага байна. Тэр нь таван давхар барилга гэсэн үг. Энэ мэтээр Улаанбаатар хотын 20 га газрыг эзлэн орших гараашуудыг нурааж оронд нь ил зогсоолуудын давхар барилгыг босговол олон жолооч сэтгэл амар хурдан хүлгээ тавьдаг болно. Замын нэгдүгээр эгнээнүүд ч чөлөөтэй болж бид ажилдаа, гэртээ очихдоо олон цаг саатахаа болино гэсэн үг.

Дэлхийн бусад улс, ялангуяа Германд багахан хэмжээний газарт олон автомашин багтах давхар зогсоолуудыг барьсан байдаг. Монголд ч үүнийг хэрэгжүүлж болохгүй гэх газаргүй. Нэг хүний эрх нөгөө хүний орон зайгаар хязгаарлагддаг гэсэн үг бий. Товчхондоо та зөвхөн л өөрийн цэмбэгэр машиныг хамгаалах гэж орон сууцныхаа булан тохойд шавар гарааш барих хэрэггүй гэсэн үг. Хэдхэн rapaaшийн суурин дээр олон давхар ил зогсоод барьж болно.

20 га газарт орон сууцны хороолол босгоё гэж бодъё. Тэгвэл барилгын  компаниин эзэд уулга алдан уралдах нь дамжиггүй. Олон ч айл өөрийн гэсэн тохилог орон гэртэй болно. Харин тэдгээр орон сууцны доод давхарт машины гарааш буюу ил зогсоолуудыг байгуулбал олон айлд тустайяа. Үүнийг шинээр баригдаж буй орон сууцны хорооллуудын барилгаас харж болно.

Улаанбаатарын энд, тэндгүй таарах шавар, төмөр, тоосгон гараашуудыг ийн нэг мөр цэгцэлснээр бага хэмжээгээр ч гэсэн хот өнгө засч, тухайн хорооллын орчны зохион байгуулалт өмнөхөөсөө дээрдэх биз.

Улаанбаатар хотын төвд 20 га газар өгвөл ямар ажил хийх вэ? Ингэж хүмүүсээс асуувал өөдөөс "Тийм их хэмжээний газар хотын төвд байгаа юм уу?" хэмээн эргэлзэнгүй асуух хүн олон таарах байх.

Дан гараашуудыг нураацгаая. Оронд нь нэгдсэн зохион байгуулалттайгаар давхар гараашуудыг төлөвлөж барих ажлыг шинэ Улаанбаатарын төлөө яаралтай эхлүүлцгээе.

Д.Мягмар

Зохиогчийн эрх: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж