Нийслэлчүүд “Зуун дамжсан Монгол 1912-1913”-г үзнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

Нийслэлчүүд “Зуун дамжсан Монгол 1912-1913”-г үзнэ

Францын О-де-Сейнь мужийн Альберт Каны музейд 2011 оны арваннэгдүгээр сарын 29- нөөс 2012 оны есдүгээр сарын 12-н хүртэл “Зуун дамжсан Монгол 1912-1913” үзэсгэлэнг  зохион байгуулж байгаа билээ. Тус үзэсгэлэнд Францын зурагчин Стефан Пассейн дүрсжүүлсэн 1912-1913 оны Монголын 72 автохром өнгөт зураг, 38 эртний түүхийн баримтууд, 11 археологийн олдвор, хоёр хар цагаан дүрс бичлэг Парис хотноо нийтийн хүртээл болж байна. 20-р зууны эхэн үеийн Францын банкны эзэн Алберт Каны гэрэл зургийн цуглуулга дахь Монголын түүх, соёлтой холбоотой эдгээр нандин баримт гэрэл зургуудыг хэвлэмэл ба дижитал хэлбэрээр Франц улсын О-де-Сейнь мужаас Монгол улсад ирүүлсэнтэй холбогдуулан БСШУЯ “Нэгэн зууны тэртээх Монгол улс-Францын гэрэл зурагчны дуранд” үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 30-наас ирэх долдугаар сарын 1-ний хооронд Улаанбаатар хотноо Монголын Уран Зургийн Галерейд зохион байгуулах гэж байна.

Тус үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар БСШУЯ, Франц улсын О-де-Сейнь мужийн Алберт Каны музей, Монгол дахь Францын элчин сайдын яам болон дэмжигч байгууллагаар Монголын Урлагийн зөвлөл, Монгол-Франц төв, Монголын Уран Зургийн галерей ажиллаж байна.

Их Хүрээг Монгол Улсын Нийслэл болгож, Нийслэл Хүрээ хэмээн нэр өргөмжилсний 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан БСШУЯ 1912-1913 оны Монголын 70 гаруй өнгөт гэрэл зураг болон хоёр хар цагаан дүрс бичлэгийг Монголын Уран зургийн галерейд олноо дэлгэн үзүүлэх юм. Үзэсгэлэнд ирсэнээр 100 жилийн өмнө тусгаар тогтнолоо олж дахин сэргэсэн Монгол хүмүүс, Нийслэл Хүрээний дүр төрхийг харж Монголын түүхийн нэгээхэн хэсгийг танин мэдэж болох нь ээ.

20-р зууны эхэн үеийн Францын банкны эзэн Алберт Кан нь 1909 онд улс орнуудын онцлог, нийгэм, хүмүүсийн аж амьдралыг буулгасан өнгөт гэрэл зураг авах  томоохон төсөл эхлүүлж, зурагчдыг ажиллуулж байжээ. Тэрээр 1930-аад оны эхээр эдийн засгийн хямралын нөлөөгөөр санхүүгийн байдал нь хүндэрч уг төслөө зогсоосон ч Вьетнам, Бразил, Америк, Норвеги, Монгол зэрэг улсын түүхэн агшныг харуулсан 180,000 метр хальс бүхий хар цагаан дүрс бичлэг, 72 мянган автохром өнгөт зургийг цуглуулж  чаджээ. Өдгөө Альберт Каны музей нь дэлхийн улс орнуудын ХХ зууны түүхэн ховор агшныг харуулсан сонирхолтой үзмэртэй музейн нэгд зүй ёсоор тооцогдож буй.

Дэлхийн анхны өнгөт зургийн технологи-Автохром зураг нь Францад 1907 онд ах дүү Lumiиre автохромын технологийг боловсруулснаар дэлхийд гэрэл зургийн хувьсгал гарч хар цагаан зургууд амилан анхны өнгөт гэрэл зургууд бий болсон юм. Төмсний цардуулыг улаан улбар шар, ногоон эсвэл ягаан хөх будганд оруулж  хар нүүрсний тортог болон цагаан гэрэл зургийн эмулстэй холисноор автохром хийдэг байжээ. Бүх өнгийг шар, цэнхэр, улаан гурван өнгөнөөс дахин боловсруулан гаргадаг байжээ. Энэхүү технологийг ашиглан 20 зууны эхэн үеийн Монголчууд, нийслэл хүрээний дүр төрхийг баримтжуулсан зурагчин Стефан Пассейн нийт 80 орчим өнгөт зургууд үзэсгэлэнгийн дараа Франц улсын О-де-Сейнь мужид буцаан хүргэгдэх юм.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж