“Coaltrans Conference” бага хурал болно

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

“Coaltrans Conference” бага хурал болно

Уул уурхайн салбарын салшгүй нэг хэсэг болох нүүрсний салбарт хэрэгжиж байсан болон хэрэгжих боломжтой төслүүдийн тухай голчлон авч хэлэлцэх “Coaltrans Conference” бага хурал тавдугаар сарын 23, 24-ний өдрүүдэд  “Чингис хаан” зочид буудалд болох гэж байна.

Бага хурлаас гадна үзэсгэлэн яармаг болох бөгөөд ерөнхий зохион байгуулагчаар “Coaltrans Conference” компани, дэмжигч байгууллагаар Монгол дахь Гадаадын хөрөнгө оруулалтын газар, “Энержи ресурс” ХХК, “Clyde and Co” хуулийн фирм, “Prophecy coal” корпораци ажиллах юм байна.

Энэ үеэр Монгол Улсын нүүрсний салбарын төслүүдийн талаар болон цаашид нүүрсний олон улсын зах зээл дахь Монголын үүрэг, оролцоо ямар байх тухай хэлэлцэх гэнэ.  “Coaltrans Conference” нь ийнхүү хоёр дахь жилдээ болж байгаа бөгөөд анхны хурал 2011 оны зургадугаар сарын 21,22-нд Чингис хаан зочид буудалд болж, гадаад, дотоодын 250 гаруй төлөөлөгч оролцож байсан ажээ.

2005 оныг хүртэл нүүрсний хэрэглээнд дулааны цахилгаан станциудын буюу эрчим хүчний хэрэглээ зонхилж байсан. Харин сүүлийн жилүүдэд нүүрсний олборлолтын хэмжээ эрчимтэй нэмэгдэж байгаатай шууд хамааралтайгаар нүүрсний экспорт дагаад илт нэмэгдсэн гэдэг.  Тухайлбал, 2010 онд 25.3 сая тонн нүүрс олборлон, 18.2 сая тонныг экспортонд гаргасан байна. Харин 2011 онд 33 гаруй сая тонн нүүрс олборлосноос 22.5 сая тонн нүүрсийг экспортлосон байна. Ийнхүү жилээс жилд өсөн нэмэгдэж буй уул уурхайн олборлолт, тэр дундаа нүүрсний олборлолт нэмэгдэж байгаатай холбоотойгоор энэхүү ахиц дэвшлийг бизнесийн орчинд болоод нийгмийн сайн сайхны төлөө хандуулах шаардлага бий тул цаг үеэ мэдэрсэн арга хэмжээ болно хэмээн зохион байгуулагдын зүгээс онцолж байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж