Нийслэлийг яагаад онцгойлов?

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

Нийслэлийг яагаад онцгойлов?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. Хэдийгээр УИХ-аас Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт зохион байгуулна гэсэн шийдлийг 2008 оны дөрөвдүгээр сард гаргасан ч олонхийн бүлгээс ингэж явуулах боломжгүй гэж үзсэн учраас өнгөрсөн хугацаанд хоёр намын бүлэг зөвшилцсөнөөр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийг ирэх зургадугаар сард зохион байгуулах шийдэлд хүрсэн юм. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуульд энэ удаад 45 нэр дэвшигч өрсөлдөнө. Үүнээс 30 нь можаритор, 15 нь пропорцианаль тогтолцоогоор нэр дэвших болж буй. Тодруулж хэлбэл, УИХ-ын сонгуулийн нэгэн адил тогтолцоогоор эл сонгууль болох болж байгаа юм.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүн Ц.Батбаяр “Орон нутгийн удирдлагыг сонгох сонгуулийг яагаад заавал УИХ-ын сонгуультай хамт зохион байгуулах гээд байна вэ” гэж тодруулсан юм. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга  “Нийслэл гэдэг улсын тал юм, төрийн, төвийн шууд удирдлага илүү нөлөөлөх талтай учраас улстөр эрх зүй, эдийн засаг талаас нь харж нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явах боломжтой гэж үзсэн. Бүлгүүд мөн зөвшилцсөн. Бусад аймгуудын хувьд арай өөр гэж үзэж, нийслэл дээр онцлог зохицуулалт хэрэглэсэн” гэсэн тайлбар хийсэн юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Я.Батсуурь зөвхөн нийслэлийг бусдаас нь салгаж аван сонгуулийг нь УИХ-ын сонгуультай хамтад нь зохион байгуулахаар төсөл хэлэлцээд сууж байгаа нь дэндүү явцуу. Хэрвээ УИХ, орон нутгийн сонгуулийг хамт нэг дор зохион байгуулсан бол 16 тэрбум төгрөг хэмнэх бололцоотой байсан. 16 тэрбум төгрөгөөр хэчнээн ажлын байр бий болгож, хэчнээн айлын орон сууцны асуудлыг шийдэх бололцоотой байв, үнэхээр харамсч байна. Нийслэл, аймаг хоёр юугаараа ялгаатай юм. Яахлаараа нэгийг нь явуулж болдог, нөгөөг нь явуулж болдоггүй юм. Ямар улстөр яваад байгаа юм. Улстөрийн шалтгаар ингэж сонгуулийг тусад нь явуулж, улс оронд зардал үүсгэдгээ болих хэрэгтэй. Намын бүлэг дээр ч цөөнх болсон, одоо ч цөөнх болно гэж мэдэгдэв.

УИХ-ын гишүүн Г.Батхүү “УИХ-аас Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь зохион байгуулах шийдвэрийг дөрвөн жилийн өмнө баталсан. Хэрвээ хоёр сонгууль хамт болсон бол улстөржилт арай бага байж төрийн үйл хэрэг хүчтэй байх байсан. Энэ УИХ зөвхөн нийслэлд онцгой ач холбогдол өгч ирлээ. Эдийн засаг талаас нь төсвийг нь нэмэгдүүлж, эрх олгосноос гадна зээл авах, бонд гаргах эрхийг өгсөн. Одоо нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийг хийх нь. Тийм учраас нийслэлийн сонгуулийг маш сайн зохион байгуулж хариу барих ёстой. Үүний тулд төрийн албан хаагчид намын гишүүнчлэлээсээ татгалзах ёстой. Сонгууль болохоос өмнө хийх ёстой УИХ-ын нэг ажил нь төрийн албан хаагчдыг намын гишүүнчлэлээс гаргах, энэ талын хуулийн төслийг өргөн барина. Нийслэлийн Засаг даргын орлогч “Хоёр сонгуулийг нэг дор зохион байгуулах боломжгүй” гэж мэдэгдсэн. Тиймээс ийм мэдэгдэл хийсэн хүн одоо хоёр сонгууль явахаар ажиллаж чадах уу. Чадахгүй гэж байгаа бол оронд нь чадах хүнийг нь томилох ёстой шүү” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Л.Гүндалай хотын удирдлагууд нийтийн эзэмшлийн газрыг хууль зөрчиж олгож байна. Энэ алдаагаа сонгууль болохоос урьтаж засах ёстой гэж мэдэгдээд Евро фарм компанид газрын эрх олгосон албан бичгийг факсаар хүлээн авснаа үзүүлэв. Л.Гүндалай гишүүний хэлснээр Евро фарм компани нь Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд нийтийн эзэмшлийн байрны дунд газар өгчээ. Уг нь тэр нь хүүхдийн тоглоомын газар байсан. Гэвч ТДБ барина гэсэн, тэгээд доор нь том граш барьсан. Улмаар дөрвөн давхар байшин барьсан, үргэлжлүүлээд 200 м квадрат газрыг авсан. Газрын гэрчилгээг 2010 оны арванхоёрдугаар сарын 31-нд олгосон байдаг. Ер нь нийслэлийн үе үеийн удирдлагуудаас болж газар олголт замбараагаа алдсан, олигтой өөдтэй газрыг олигархи, монигархи нь аваад дууссан. Тийм учраас энэ мэт алдаагаа засах ёстой. Газрын мафи нь УИХ-д байдаг” гэсэн юм. Үүнд УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир няцаалт хийв. Тэрбээр “Үе үеийн улаанбаатарын удирдлагууд иргэдээс ирсэн өргөдлийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн гэдэг хариуг Л.Гүндалайд өгчихье. Мөн төрийн албан хаагчдыг гишүүд хэтэрхий доромжилж байна.  Тэр нөхөр намын гишүүн хэвээрээ байгаа, сонгуулийг луйвардана гэж гутааж болохгүй. Эхлээд төрдөө ард түмнийхээ төлөө ажиллаж үзэх хэрэгтэй. Тэгчихээд дараа нь өөр зүйл ярь” гэж мэдэгдсэн юм.

Ийнхүү Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох төсөл нь газрын асуудал, төрийн албан хаагчдын ёс зүй гээд олон асуудлыг хөндөхөд хүргэлээ. Одоо чуулган завсарлаад байна. Гэхдээ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо үргэлжлүүлэн хуралдаж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, улмаар асуудлаа чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах юм. УИХ-ын хувьд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь зохион байгуулах энэхүү асуудлыг өнөөдөр нэгмөр шийдвэрлэх чигтэй байна. Өөрөөр хэлбэл, хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах магадлал өндөр байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж