С.Ганбаатарыг уучлалт гуйхыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

С.Ганбаатарыг уучлалт гуйхыг шаардлаа

Энэ оны нэгдүгээр сард нефть импортлогч компаниуд шатахууны үнийг 300 төгрөгөөр нэмсэн. Нефть импортлогчид шатахууны үнэ нэмэгдсэн шалтгааныг ам.долларын ханш өссөнтэй холбон тайлбарлаж байсан. Гэвч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар шатахуун импортлогч компаниудыг үгсэн хуйвалдаж шатахууны үнийг нэмлээ хэмээн буруутган 20 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан. Импортлогч компаниуд торгуулийг хүлээн зөвшөөрөлгүй шүүхэд гомдол гаргасан байдаг. Тус хэргийг шалгаж байсан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагчдын гаргасан торгох тухай дүгнэлтийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга нарын хурлаар торгох дүгнэлтийг хүчингүй болгосон юм. Ийм дүгнэлт гарсныг Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч эсэргүүцэн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт шаардах хуудас хүргүүлсэн юм.

Уг шаардах хуудсанд "Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгосон нь улсын байцаагчийн бүрэн эрхэд халдан өөрийн эрх мэдлийг хэтрүүлсэн үйлдэл гаргаж, өөрийн албан тушаалын үүргийг умартсан байна" гэсний хариуд "Улсын байцаагчийн шийдвэрт гаргасан аж ахуй эрхлэгчдийн гомдлын дагуу уг шийдвэрийг хянаж, хүчингүй болгож шийдвэрлэсэн нь улсын байцаагчийн бүрэн эрхэд халдан өөрийн эрх мэдлийг хэтрүүлсэн үйлдэл биш болохыг дараах байдлаар тайлбарлаж байна" хэмээсэн байгаа юм.

Дурьдвал, Газрын тосны бүтээгдэхүүний импорт, худалдаа эрхлэгч нэр бүхий найман компани улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг зөвшөөрөлгүй Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан. Энэ гомдлын дагуу ШӨХТГ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.4 зааснаар 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө гэж заасны дагуу хянан шийдвэрлэсэн байна.

Гомдлыг шийдвэрлэхдээ гомдол гаргагч тал болон байцаагч нарыг байлцуулан мэтгэлцээний зарчмаар хоёр удаа хэлэлцсэн бөгөөд Өрсөлдөөний тухай хуулийн 16.2-т "Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргана" гэж заасны дагуу санал хураан шийдвэрлэсэн юм.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь улсын байцаагчийн торгууль ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгохоор шийдвэр гарсан. Энэ асуудлыг хэлэлцсэн 2012 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанд газрын дарга Б.Лхагва, орон тооны гишүүн А.Ариунболд, С.Энхбаатар, орон тооны бус гишүүн Б.Батбаяр, А.Эрдэнэпүрэв, М.Ганжолоо нар оролцож 77.7 хувийн ирцтэйгээр хуралдсан.

Хуралдаанаар улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл нь нэгдүгээрт, тус нэр бүхий найман компани Өрсөлдөөний тухай хуулийн 11.1.1 – д "Бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоохыг хориглоно" гэж заасныг зөрчсөн хэмээн үзэх хангалттай үндэслэл алга гэж үзсэн.

Хоёрдугаарт ЭБЭХЯ-нд болсон хуралдаанд нефтийн импорт эрхлэгчдээс гадна холбогдох албаны хүмүүс байсан бөгөөд үнэ нэмэгдүүлэх талаар эцсийн шийдвэрийг нефть импортлогчид гаргаагүй болохыг холбогдох материалаар нотлогдоно.

Гуравдугаарт шатахууны үнэ нэмэгдсэн шалтгааныг авч үзвэл тус хуулийн 13.3-т зааснаар стратегийн гол бараа бүтээгдэхүүний зохицуулалт хийсэн гэж үзэх, энэ үйл ажиллагааг өрсөлдөөнийг хязгаарласанд тооцохгүй гэж үзэхээр байсан. Иймд улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэн. Мөн цаашид үнэ тогтоох ажлын хэсэг байгуулан ажиллахгүй болсныг ЭБЭХЯ мэдэгдэхээр болсон" хэмээн дурьдсан байна.

Ийнхүү Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын байцаагчдын шалган байж тогтоосон мөнгөн торгуулийг дарга нар нь хүчингүй болгосноо албан ёсоор мэдэгдэв. Уг шийдвэрийг эсэргүүцсэн Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар "Зууны мэдээ" сонинд өгсөн ярилцлагадаа "Монголын сая сая хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахын төлөө ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын удирдлагуудыг тамга тэмдэг халааслаад явж байдаг хэдэн луйварчид" гэх мэтээр ярьсанд Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны гүйцэтгэх захирал ихэд дургүйцэн өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр хэлэхдээ "Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо ТББ нь хэрэглэгчээ дээдлэх нийгмийг цогцлоон байгуулахад чиглэсэн төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд идэвхтэй нөлөөлж дэмжлэг үзүүлэх эрхэм зорилготой. Үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Бүх төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй юм. Улс төрийн аль ч нам, хөдөлгөөн, хувь хүнээс ангид ашгийн бус, зөвхөн нийгэмд үйлчилдэг ТББ-ын нэр хүндэд бүдүүлгээр халдсаныг эрс буруутгаж байна. Иймд Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар таныг бүдүүлгээр гүтгэн гүжирдсэнийхээ төлөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлалт гуйхыг шаардаж байна. Мөн улсын байцаагчдын ур чадвар муу, хэтэрхий нэг талыг баримталсан" хэмээн ярьсан юм.

Ж.БАТТУУЛ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж