МАХН-аас мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

МАХН-аас мэдээлэл хийлээ

МАХН-ын төв байранд өнөөдөр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, нарийн бичгийн дарга Л.Цог, Ёс зүйн хорооны дарга Г.Давааням, Төв аймгийн мянгатын дарга Б.Батсайхан нар МАХН-ын дарга Н.Энхбаярыг хорих хугацааг сунгасантай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд “МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр улс төрийн сэдлээр, хууль бусаар баривчлагдан саатуулагдсанаас хойш 14 хоног болж байна. Монголын төрөөс зохион байгуулсан зэрлэг балмад энэхүү баривчилгаа нь НҮБ-ын Хүний эрхийн конвенци, Монгол Улсын Үндсэн хууль, бусад олон хууль тогтоомжуудыг зөрчсөн тухай Монгол Улсын Хүний эрхийн үндэсний хороо дүгнэлтээ гаргачихаад байхад, хууль бус шийдвэрийг хүчингүй болгож МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллуулахгүй байна.

Энэ бүхэн нь Монгол Улсад өнөөдөр төр засаг, шудрага хууль хяналтын байгууллага, төрийн албан хаагчид байхгүй болж, Монголын төрийг хувалз шиг шимэн амьдарч, улс орон, ард түмнээ хөсөр хаясан МАНАН хэмээх нам дамнасан олигархиудын гар хөл болж, тэдний дохио зангаагаар ажилладаг, улс төрийн өшөө хонзон авах ажиллагааг нь гүйцэлдүүлдэг байгууллага, албан тушаалтнууд болж хувиран төрийн нэр хүндийг унагаж, төр ард түмний амин холбоог таслахад хүргэж байна.

2012 оны дөрөвдүгээр сарын 26-нд МАХН-ын дарга Н.Энхбаярын цагдан хорих хугацаа дуусаж хуулиараа тэр Төв аймгийн Цагдан хорих төвөөс суллагдах байлаа. Урьд нь хууль бусаар хийсэн баривчилгааг хүчингүй болгох ёстой байтал Сүхбаатар дүүргийн шүүх хуралдаж цагдан хорих хугацааг 2 сараар сунгасан нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг сонгуульд оруулахгүйн тулд эрх баригчдын захиалгаар хийгдэж байгаа хууль бус үйлдэл хэмээн МАХН үзэж байна.

МАХН-ын дарга Н.Энхбаяр хэдийгээр цагдан хорих төвд хоригдож байгаа ч түүнийг болон МАХН-ыг дэмжиж байгаа ард иргэдийн дэмжлэг үерийн ус шиг тал талаасаа бүчин ирж байгаа энэ үед даргыг нь хорьсноор МАХН-ын үйл ажиллагаа тасалдана, сонгуульд амжилт үзүүлэхгүй гэж үзэж байгаа бол том эндүүрэл гэдгийг эрх баригчдад анхааруулж байна гэсэн юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж