Агаарын бохирдлыг бууруулах тухай танилцуулав

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдлыг бууруулах тухай танилцуулав

Дэлхийн байгаль хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам, АНУ-ын Мянганы сорилтын сан хамтран Эх дэлхийгээ хамгаалах “Монгол Улсын агаарын бохирдлыг бууруулах санаачилга” сэдэвт уулзалтыг энэ сарын 24-ний өдөр АНУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-н дээр зохион байгуулав.

Элчин сайд Х.Бэхбат уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2012 онд 15%, 2013 онд 17.5 хувийн өсөлттэй байх хэтийн төлөвтэй байна. Нөгөө талаас Монгол Улс бол уул уурхайгаас хамааралтай, нээлттэй, жижиг эдийн засагтай орон юм. Иймд байгалийн баялагаас орж буй хуримтлалыг зөв зохистой, хариуцлагатай удирдах, улмаар  хүртээмжтэй өсөлтийг бий болгож, одоогоос олон тулгуурт эдийн засгийн хэв маягт  аваачих, олон салбар болгон хөгжүүлэх боломж нээгдэж байгааг тэмдэглээд эдийн засгийн өсөлтийг иргэдийг амьжиргааг дээшлүүлэх, хөгжлийг байгаль орчныг хамгаалах зорилттой тэнцвэржүүлэхийн чухал”-ыг онцлов.

Уулзалтад Монголын талаас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төсөл, Монголын тусгай “Цэвэр агаар сан”-гийн төлөөлөгчид оролцож, тус тусын чиглэлээр тухайлбал, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар хийж буй ажлын талаар илтгэл тавьж танилцуулав.

Энэхүү арга хэмжээнд АНУ-ын Засаг захиргаа, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, хувийн хэвшлийн 40 гаруй төлөөлөгчид оролцов гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж