Хэрэв танд ч гэсэн ийм дутагдал байгаа бол энэ тал дээрээ дүгнэлт хийх хэрэгтэй. Бид ярилцаж буй хүн рүүгээ харж байгаа хирнээ яриаг нь тийм ч анхааралтай сонсож чаддаггүй.
Мөн ярьж буй зүйлийнх нь утга санааг нь ойлгохоосоо илүү үгэнд нь анхаарлаа хандуулдаг. Түүнчлэн сэтгэл хөдлөл нь хүнийг тогтворгүй болгож, анхаарлаа төвлөрүүлэхэд тодорхой хэмжээгээр саад болдог байна. Хэн нэгэн хүн өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж байвал та аль болох тэвчээртэй сонсохыг хичээгээрэй.
Магадгүй цаад хүний чинь яриа танд таалагдахгүй, үзэл бодол нийлэхгүй ч байж болно. Гэсэн ч та ярьж дуустал нь анхааралтай сонсоод дараа нь маш ухаалгаар өөрийнхөө байр суурийг илэрхийлж эвтэйхэн ойлгуулах нь хамгийн зөв алхам юм.
Ажил хэргийн болон амин хувийн яриа ч байсан та ямар ч үед нэг зэрэг олон үйлдэл хийхгүй байхыг хичээгээрэй. Өөрөөр хэлбэл ярилцаж буй хүндээ аль болох анхаарлаа хандуулах хэрэгтэй. Мөн хүүхдийг багаас нь хүний яриаг анхааралтай сонсдог чадвартай болгон хүмүүжүүлэх хэрэгтэй.
Та ч гэсэн мөн адил хүүхдийнхээ ярьж хэлж байгаа зүйлийг нь ч гэсэн анхааралтай сонсож байх нь чухал юм. Энэ нь хүүхдээ аливаа юманд хүлээцтэй хандаж, хүний хэлж ярьж буй зүйлийг анхааралтай сонсож сурах чадвартай болгоход нь туслаад зогсохгүй зөв хүмүүжүүлж, төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.