Ган-Эрдэнэ" ХХК-ийн байранд энэ сарын 24-ний өдрийн 16.07 цагт дэлбэрэлт
болж гурван хүн хүнд гэмтсэн талаар бид өчигдрийн дугаартаа мэдээлсэн
билээ. Уг ослын шалтгааныг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа
бөгөөд урьдчилсан байдлаар сумны хошуу дэлбэрсэн гэсэн дүгнэлтийг
гаргасан байна.
Өөрөөр хэлбэл, хаягдал төмрийг тасалж жижиглэж байх үед энэхүү осол
гарсан ажээ. Дэлбэрэлтэд 42, 31, 23 настай хятад иргэн өртсөн бөгөөд
дэлбэрэлт болсон ч тус үйлдвэрийн ажилчид цагдаа болон онцгой байдлын
газарт мэдэгдэлгүй нуун дарагдуулсан байна.
Харин хүнд гэмтсэн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэхээр Яаралтай тусламж
дуудсанаар эл хэрэг илэрчээ. Яаралтай тусламжийн эмч нар цагдаа, онцгой
байдлын газарт мэдэгдсэн байна. Түүнчлэн хүндээр гэмтсэн иргэдийг
ГССҮТ-д хүргэж өгчээ. Хэргийн талаар сурвалжлахаар манай сурвалжлах
хэсэг Багахангай дүүргийг зорьсон юм.
Улаанбаатар хотоос 90 гаруй километрийн зайд орших тус дүүрэг 3605 хүн
амтай, дэд бүтцийн хөгжил сайтай нь анзаарагдсан. Энэ ч утгаараа хөгжих
боломж, нөөц бололцоо асар их гэдэг нь харагдаж байсан юм. Гэсэн ч уг
дүүрэг "орхигдсон" газар болж хувирчээ. Бид осол хэрхэн гарсан талаар
тодруулахаар тус дүүргийн Онцгой байдлын тасгийг зорилоо.
Гадаа нь очиж, ямар учиртай яваагаа хэлэхэд харуул нь "Одоогоор манайд
шалгалт ирээд байна. Төмөрлөгийн үйлдвэрт гарсан хэргийн талаар мэдээлэл
авах гэж байгаа бол жаахан хүлээх нь дээ. Бид цагийн дараа завтай
болно" хэмээсэн юм. Тэр хооронд дэлбэрэлт болсон төмөрлөгийн үйлдвэрийг
зорилоо. Багахангай дүүргээс зүүн урд зүгт гурван км орчимд байрлах уг
үйлдвэрт 14.50 цагт очлоо. Онцгой байддын та-гийн харуулын зааснаар тэнд
4-5 үйлдвэр байсан бөгөөд хамгийн урд талын үйлдвэрт осол гарчээ.
Гэрийн гадна хоёр хүн ажил хийж байх бөгөөд тэднээс болсон явдлын талаар
тодруулахад "Бид өчигдөр энд хувиараа ажил хийхээр ирсэн. Тэгсэн 16.00
цагийн үед байх их дуу чимээ гарсан. Тэр үед юу болсныг мэдээгүй. Тэгсэн
удалгүй түргэн, онцгой, цагдаа ирсэн харагдсан. Бид тус үйлдвэр рүү
очихоосоо өмнө үйлдвэрээс зайдуу байх ганц гэр дээр очив. Тэгээд энд
ямар нэгэн хэрэг гарчээ гэдгийг мэдсэн. Яг юу болсон талаар мэдэхгүй
байна. Юу ч гэсэн та нар үйлдвэрийн харуулаас асуу. Энд төмөрлөгийн хэд
хэдэн үйлдвэр байдаг ч ганцхан монгол харуултай нь эднийх. Бусад нь бүгд
хятад. Та нарыг ч ойртуулахгүй байх аа даа. Ямар ч байсан монгол хүн
болохоор нааштай байх байх байлгүй дээ” гээд харуулынх нь байрыг зааж
өгсөн юм.
Харуулын байрыг нь заалгаад авчихсан болохоор "Хангайн Ган-Эрдэнэ"
ХХК-ийн харуулын байрыг зорилоо. Үйлдвэрийн харуулын байрны цонх битүү
теньтэй. Гаднаас нь ямар ч зүйл харагдахгүй, хашаа нь өндөр блокоор
барьсан учир дотор нь юу байгааг ч харах боломжгүй байсан юм.
Харуулын байрны гадаа очиход 45 орчим насны эрэгтэй цонхоо бага зэрэг
онгойлгон ямар хэргээр явааг минь асуулаа. Бид ч зорьсон ажлаа бүтээхийн
тулд, хэрэг явдлаа хэлж, дарга нартай нь уулзмаар байгаагаа ч хэллээ.
Харин харуул "Манай энд ямар ч хэрэг гараагүй. Хэн та нарт тэгж хэлээ
вэ" хэмээн ихэд дургүйцсэн янзтай хариулсан юм. Бид ч лавшруулж, Онцгой
байдлын тасгаас мэдээ авсан. Осол хэдэн цагийн үед гарсан. Гурван хүн
хүнд бэртсэн гэсэн, одоо хаана байгаа гэх зэрэг асуултыг асуусан ч нөгөө
эрэгтэй хэнэг ч үгүй ямар ч хэрэг гараагүй. Манай дарга нар бүгд хотод
байгаа. Осол гарсан гэдэг худлаа. Ямар ч зүйл болоогүй гээд цонхоо
ууртай гэгч нь хаасан юм.
Бид ч дахин цонхыг нь тогшин хэрэг өчигдөр /уржигдар/ 16.00 цагийн үед
гарсан байхад яагаад нуугаад байгааг асуухад "Би өчигдөр жижүүрт
гарахаар ирсэн. Ямар ч зүйл болоогүй" гээд цонхоо хаалаа. Тиймээс бид
хашааг нь тойрч уг үйлдвэр ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаа
эсэхийг тандаж, хашааны гадна байрлах цахилгааны дэд станцын хажууд
орчмоос хэдэн кадр дарж амжлаа. Ер нь тэнд үйл ажиллагаа явуулж байгаа
бүх төмөрлөгийн үйлдвэрүүд хашааныхаа хажууд жижиг дэд станц барьсан
харагдана.
Хашааны дотор талд төмрийн хаягдал овоорсон байгаагаас өөр зүйл
харагдсангүй. Ингээд бид буцаж, Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын
газраар орж Засаг дарга болон мэргэжлийн хяналтын байцаагчтай уулзах
гэсэн боловч тэд бүгд хот руу ажлаар явсан гээд эзэнгүй хаалга мөргөж
орхилоо.
Тиймээс эргэж, Онцгой байдлын тасгаас мэдээлэл авахаар Гамшгаас
хамгаалах бэлтгэл бэлэн байдал хариуцсан ахлах дэслэгч Т.Ичинноровтой
уулзлаа.
Т.Ичинноров: Хүн олноор бэртсэн осол гарч байсангүй
-"Хангайн Ган-Эрдэнэ" ХХК-ийн байранд энэ сарын 24-ний өдрийн 16.07 цагт
дэлбэрэлт болж, гурван хүн хүнд гэмтсэн осол гарсан. Энэ талаар
тодруулахгүй юу?
-2012 оны дөрөвдүгээр сарын 24-ний 16.07 цагт дүүргийн хүн эмнэлгийн 103
дугаарын утаснаас "Хангайн Ган-Эрдэнэ" ХХК-ийн төмөрлөгийн үйлдвэрт
дэлбэрэлт болж Хятад улсын харьяат гурван хүн гэмтлээ гэсэн дууддага
ирсэн. Уг дуудлагын дагуу манай Онцгой байдлын тасгийн даргаар ахлуулсан
баг 16.20 цагт ослын газарт очсон.
Ослын газарт очиход хүн эмнэлгийн эмч нар бэртэж гэмтсэн гурван иргэнийг
Улаанбаатар хот руу авч явсан байсан. Харин бид ослын газарт ажиллаж,
дэлбэрэлт юунаас болсон шалтгааныг тодруулахаар ажилласан. Анх хий /газ/
дэлбэрсэн гэж ярьж байсан ч тухайн үед сумны хошуу дэлбэрсэн байсан.
Өөрөөр хэлбэл, хаягдал төмөр тасалж жижиглэж байх явцад сумны хошууг
тасалж, үүнээс болж осол гарсан байсан. Ослын улмаас 42, 31, 23 настай
иргэд гэмтсэн.
Одоогоор уг хэргийг дүүргийн Цагдаагийн тасаг шалгаж байна. Тэндээс
асуувал илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх. Бидэнд ийм л мэдээлэл
байна.
-Тухайн үед тэдгээр иргэд хүнд бэртсэн байсан гэсэн?
-Тус үйлдвэрт гурван хүн ажиллаж байсан юм билээ. Нэг нь хөл, нөгөө нь
мөр болон гарын шуу нь гэмтсэн. Харин гурав дахь хүн нь дотуур бэртэл
авсан гэсэн.
-Одоогоор танай дүүрэгт хэчнээн төмөрлөгийн үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Хоёр төмөрлөгийн үйлдвэр ажлаа эхлэх гээд бэлтгэж байгаа. Төмөрлөгийн
үйлдвэр ажиллаж эхэлснээс хойш ийм ноцтой осол гарч, хүн бэртсэн
тохиолдол гарч байгаагүй. Харин жижиг осол бол гарч байсан.
Өөрөөр хэлбэл төмөр буулгахдаа хөл дээрээ унагах ч юм уу, гараа
хавчуулах тохиолдол гарч байсан. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломж алга.
Тэрбээр ийн хэлээд дахиж мэдээлэл өгсөнгүй.
Тиймээс Цагдаагийн тасгийн хошууч Б.Нямсүрэнгээс цөөн зүйлийг тодрууллаа. Тэрбээр уг хэргийг шалгаж байгаа аж.
Б.Нямсүрэн: Цахилгаан гагнуураар тасдалт хийж байх үед дэлбэрэлт болсон
-Энэ осол юунаас болж гарсан юм бол?
-Энэ хэргийг одоогоор шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх
боломжгүй. Урьдчилсан байдлаар төмөр тасалж байхад л дэлбэрэлт болсон
гэж гэрчүүд хэлсэн. Тэд төмрөө хайлуулахын тулд жижиглэж бэлдэц хийдэг
юм билээ. Ингээд цахилгаан гагнуураар тасдалт хийж байхад уг хэрэг
гарсан.
-Одоогоор гэмтсэн иргэдийн биеийн байдал ямар байгаа вэ?
-Гайгүй, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.
-Тухайн иргэд манай улсад ажиллаж, амьдрах зөвшөөрөл авсан байсан уу?
-Осол гарсан үйлдвэр нь Монгол, Хятадын хөрөнгө оруулалттай юм билээ.
Энэ дагуу орж ирсэн ажилчид. Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй, энэ сард
манай улсад ирсэн юм билээ.
Албаны хүмүүстэй уулзсаны дараа бид тэр хавийн иргэдтэй уулзаж, зарим
нэг мэдээлэл авлаа. Бидний уулзсан иргэд "Манай дүүрэгт зөвхөн хортой
үйлдвэрүүд л байгуулагддаг. Байгуулагдсан үйлдвэр нь Багахангайгаас
ажилтан авдаггүй, хятадуудыг ажиллуулдаг. Авсан ч ганц нэг эмэгтэй
ажилчин л авдаг. Эрэгтэй хүнийг огт авахгүй. Үүнээс гадна Багахангай
дүүрэг нийслэлээс алслагдсан ч дэд бүтэц үнэхээр сайн. Манай дүүргийн
хойд хэсэгт нь сайн чанарын тоосгоны түүхий эдийн орд газар байгаа.
Энэ ордын түүхий эдийг Хятадад шинжилгээнд оруулахад, өндөр чанартай
тоосгоны түүхий эд болохыг тогтоосон гэсэн. Мөн Финляндын хөрөнгө
оруулалтаар байгуулагдсан Германы
технологитой, өдөртөө 100-200 бод, 300-400 бог мал нядалж, махыг нь
бэлтгэх хүчин чадалтай үйлдвэр, хиаман цехтэй, 400 тоннын багтаамжтэй
махны зоорьтой, Монголын хамгийн том махны үйлдвэртэй.
Тэр ч байтугай онгоц буух талбайтай, гурван төмрийн үйлдвэр, 30-50
мянган хүн амтай орон сууцны бохир зайлуулах хүчин чадал сайтай цэвэрлэх
байгууламж, төмөр зам гээд манайд хөгжих боломж үнэхээр их байна. Мөн
хотын замаас илүү чанартай засмал замтай. Гэсэн ч энд хөгжих боломж
үнэндээ алга. Хятадууд л өөрийн дураараа аашилж байна.
Энэ хэдэн төмрийн үйлдвэрт эзэн суугаад биднийг огт тоохгүй. Естой
хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэдэг л болж байна"
гэж халаглах иргэд олон байна. Үнэхээр тус дүүрэг хөгжих бүрэн боломж
байгаа ч хөгжил үнэхээр тааруу. Дүүргийн дарга, орлогч дарга гээд
удирдлагууд нь бүгд эзгүй байсан дүүрэг мөд хятад эзэнтэй болох вий дээ.
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин