
Ирэх жил ч гэсэн Оросын төмөр замын тээврийн тариф багагүй хувиар өсөх магадлалтай байна. Якунин өчигдрийн уулзалтаар төмөр замын тээврийн тарифыг 10 хувиар, хамгийн багадаа 7.4 хувиар нэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ. Эдийн засгийн хөгжлийн яамны тооцоолж буйгаар энэ жил тус улсын инфляцийн түвшин 5 хувьтай гарах төлөвтэй байна. Оросын хувьд төмөр замын тээврийн тарифын өсөлтийг инфляцийн түвшинтэй уялдуулан тооцдог ажээ.
Гэхдээ Путин төмөр замын уулзалтын үеэр Оросын төмөр зам дэд бүтцийн шинэчлэл хийх төлөвлөгөөгөө зөвхөн тээврийн тарифыг нэмэгдүүлэх замаар шийдвэрлэхийг оролдож таарахгүй. Үгүй бол бид эдийн засгийн хөгжлөө хялбархан сөнөөж орхино гэдгийг сануулжээ. Мөн тэрээр дараагийн арван жилд Оросын төмөр замын дэд бүтцийг шинэчлэхэд 5 их наяд рубль буюу 170 тэрбум ам.доллар шаардлагатайг мэдэгдсэн байна.
Оросын төмөр замын тээврийн хүчин чадлыг 2020 он гэхэд гурав дахин нэмэгдүүлэх шаардлага тулгарч магадгүй байгаа ажээ. Учир нь Ази, Номхон далайн бүсийн орнуудын эрдэс баялгийн эрэлтийг хангахад Оросын үүрэг улам бүр өссөөр байгаа юм.
Б.Төгс