Далай лам: Дэлхий бол хүн төрөлхтнийх

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

Далай лам: Дэлхий бол хүн төрөлхтнийх

Дээрхийн Гэгээн 14-р Далай ламын өнгөрсөн лхагва гаригт CNN сувгийн "Piers Morgan Tonight" нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгчээ.

Далай лам Арабын орнуудын тэмцлийн цаад зарчмыг дэмждэгээ энэ үеэр илэрхийлсэн бөгөөд эх дэлхий хүн төрөлхтний өмч болохоос ямар нэгэн удирдагч, хаан эсвэл шашны тэргүүнийх биш юм гэжээ. Улс гүрэн бүр тухайн улсын  хүн ардын өмч. Харин улс төрчид тэр тусмаа АНУ шиг ардчилсан улсад ч гэсэн энэ байдлыг заримдаа мартдаг. Улс төрчид дараагийн сонгуулийнхаа саналыг харж, заримдаа хэт богино бодолтой байх юм хэмээн далай лам дурьдсан байна.

Арабын орнуудад болж байгаа тэмцлийн талаар асуухад Далай лам “Босогчид одоо өөрсдийн үндсэн зорилгодоо хүрсэн. Харин улс төрийн баримтлалаа үл харгалзан, бүх хүчээ нэгтгэх хэрэгтэй. Хамтдаа ажиллах нь маш чухал” гэжээ. Түүнчлэн Дээрхийн Гэгээнтэн энэ ярилцлагадаа “Хятадын Засаг захиргааг эсэргүүцэн өөрсдийгөө шатаасан олон төвд иргэдээ бодохоор маш их гунигладаг” хэмээгээд “Хятадын удирдагчид Төвд болон бусад тайван бус байгаа мужуудад асуудлыг шийдэхдээ илүү бодитойгоор хандах хэрэгтэй байна” гэжээ. Хятадууд асуудлыг шийдэхдээ юу нь зөв, юу нь буруу гэдгийг тунгаах чадвартай хүмүүс. Тиймээс бодит байдлыг мэдэх хэрэгтэй хэмээн Далай лам онцлов.

Тэр бас ярилцлагын үеэр бага зэрэг наргиантай зүйлс ярьжээ.  Хэдий сахил хүртсэн ч зарим үед эмэгтэйчүүдийг харахаараа сайхан мэдрэмж төрдөг гээд “Гэхдээ би шашиндаа үнэнч учир өөрийгөө лам хүн гэдгийг үргэлж санаж явдаг. Би үргэлж лам хэвээрээ байна” гэжээ. Далай лам кино үздэггүй, хөгжим сонсдоггүй, эм уудаггүй гэнэ. Гэхдээ нэг удаа дарс амсаж үзсэнээ тэр мөн сонирхуулжээ. “Би тэгэхэд жаахан хүүхэд байсан. Долоо юу найман настай л байсан байх. Намайг тоглож байх үед нэг хүн хоёр лонхтой юм барьж явсан юм. Би гүйж очоод хуруугаа лонх руу дүрээд амталж үзтэл их чихэрлэг зүйл байсан” гэжээ.

Харин дэлхийн удирдагчдаас хэнийг биширдэг вэ гэсэн асуултад Далай лам Өмнөд Африкийн удирдагч асан Нелсон Манделаг нэрлэжээ. Мөн тэр улс төрийн бодлогыг нь сайшаадаггүй байсан ч АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Уокер Бушийг магтсан байна. “АНУ-ын ерөнхийлөгч гэсэн утгаар нь биш, хүнийхээ хувьд тэр маш сайхан хүн. Би түүнийг хайрладаг” гэжээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж