ММСС “Шилдэг орон”-ы шагнал гардлаа

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

ММСС “Шилдэг орон”-ы шагнал гардлаа

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН АНУ-ЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН КОРПОРАЦИЙН “ШИЛДЭГ ОРОН”-Ы ШАГНАЛ АВЛАА

2012 оны 4-р сарын 25, АНУ, Вашингтон хот

Вашингтон. 2012 оны 4 сарын 25-ны өдөр АНУ-ын Вашингтон хотноо Мянганы Сорилтын Корпорацийн (МСК) Хөгжлийн форумын ёслолын арга хэмжээний үеэр Монголын Мянганы сорилтын сан (ММСС) “Шилдэг орон”-ы шагнал хүлээн авлаа. АНУ-ын МСК-аас өнөө жилээс эхлэн жил бүр компакт хэрэгжүүлэгч орнуудаас ажлын үр дүн, бодлогын хэрэгжилтийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байдал зэрэг үзүүлэлтээр нэг улсыг шалгаруулан дээрх шагналаар шагнаж байхаар шийдсэн бөгөөд ММСС ийнхүү хамгийн анхны, хамгийн нэр хүндтэй шагналын эзэн боллоо. Жил бүрийн “Шилдэг орон”-ы шагнал МСК-ийн үйл ажиллагааны удирдлага болсон нэг үндсэн зарчим дээр тулгуурлах бөгөөд өнөө жилийн шагнал “Хүйсийн тэгш оролцоо”-ны асуудлыг  удирдлага болгосон байна. Энэхүү нэр хүндтэй шагналыг ММСС-гийн Гүйцэтгэх захирал С. Баярбаатарын нэрийн өмнөөс Цэвэр агаар төслийн захирал Др. С. Мангал гардан авсан бөгөөд хүйсийн тэгш оролцооны хэрэгжилтийг ханган ажиллахад чухал хувь нэмэр оруулсан ажилтнууд болох хөтөлбөрийн мэргэжилтэн Б. Цолмон, Л. Гэрэлмаа нар дээрх арга хэмжээнд оролцсон байна.

Шагналын эзэн ММСС-гийн талаар талаар МСК-ийн вебсайтад “Өнөө жилийн ялагч Монголын Мянганы сорилтын сан нь 5 жилийн хугацаанд Хөрөнгийн эрхийн төсөл, Хот орчмын бэлчээрийн төсөл, Мэргэжлийн боловсрол сургалтын төсөл, Эрүүл мэндийн төсөл, Автозамын төсөл, Цэвэр агаар төсөл гэсэн 6 төслийг АНУ-ын 285 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа билээ. Монголын Мянганы сорилтын сан хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээ мониторинг, мэдээлэл сурталчилгааны бүхий л үйл ажиллагаандаа хүйсийн тэгш оролцооны зарчмыг маш амжилттай нэвтрүүлж ирсэн бөгөөд энэ чиглэлээр төслийн үр шимийг хүртэгчид, гэрээлэгч байгууллагуудаа тогтмол мэдээллээр хангаж, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад МСК-ийн бодлого, зарчим жинхэнэ утгаараа биеллээ олох нөхцлийг хангаж ажиллаж ирсэн” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Дээр дурдсан шагнал гардуулах ёслолын үеэр өөр хоёр шагнал МСК-ийн “Шилдэг бизнесийн байгууллагын шагнал”, “Шилдэг залуу удирдагчийн шагнал”ын эзэд бас тодорсон байна. “Шилдэг бизнесийн байгууллагын шагнал”-ыг МСК-ийн компакт гэрээ хэрэгжиж байгаа орнуудад үлгэр жишээ хөрөнгө оруулалт, олон улсын худалдааны загварыг нэвтрүүлснээрээ АНУ-ын зээлийн картын үйлчилгээний Visa компани шалгарсан бол “Шилдэг залуу удирдагчийн шагнал”-аар FACE AIDS, Global Health Corp. гэсэн хоёр ч төрийн бус байгууллага байгуулан снахүүжилт босгож, Африкийн орнуудад ДОХ-той тэмцэх ажилд онцгой хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Стэнфордын их сургуулийн оюутан Жонни Дорсейг шагнасан байна.

Ийнхүү ММСС нь үйл ажиллагаагаараа компакт хэрэгжүүлэгч дэлхийн 24 орноос анх удаа шалгарсан нь АНУ-ын засгийн газар Монголд хэрэгжиж байгаа компакт гэрээний төслийн хэрэгжилтийг өндрөөр үнэлж байгаагийн илрэл юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж