Аваргуудын лигийн финалд тавтай морил!

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

Аваргуудын лигийн финалд тавтай морил!

Хөгшин Европын хөлбөмбөгийн тавцан дахь топ төвшний өрсөлдөөн Аваргуудын лигийн финалд Германы “Байерн Мюнхен” болон Английн “Челси” багууд өрсөлдөхөөр боллоо. Мягмар гаригийн шөнө болсон тоглолтод Лондонгийн “Челси” клуб өнгөрсөн жилийн аварга, өнөө цагийн босоо баг гэгдэж буй “Барселона”-г буулган авсан бол лхагва гаригийн шөнө “Байерн Мюнхен” Европын тавцанд хамгийн агуу түүхтэй, Испанийн яруу алдарт “Реал Мадрид”-ыг торгуулийн цохилтоор яллаа. Ийнхүү Испанийн хөлбөмбөгийн гол төлөөлөл болсон хоёр баг хагас шигшээ шатнаар Аваргуудын лигийг орхиж, дэлхийд данстай “Эль Классико”-г хүлээсэн сая сая фенүүдийн таамаг талаар өнгөрөв.

“Челси” хариугаа авлаа

Лондон дахь “Стэмфорд Бриж” цэнгэлдэхэд өнгөрсөн долоо хоногт болсон эхний тоглолтод “Челси” 1:0-ээр ялалт байгуулаад байлаа. Талбайдаа гоол алдаагүй гэсэн тун боломжийн үр дүн үзүүлсэн ч тэднийг үгүйсгэж, цаг нь болоогүй байхад Аваргуудын лигийн өрсөлдөөнөөс хассан хөлбөмбөгийн хорхойтнууд төдийгүй мэргэжлийн хөлбөмбөгч, дасгалжуулагчид олон байсан. Тэдгээрийн дунд экс-менежер Жозе Моуриньо ч багтаж байлаа. Харин “Лондонгийн угсаатнууд” нэр төрөө хамгаалж, дөрвөн жилийн дараа дахин финалд шалгарав. 2008-2009 оны улиралд яг энэ шатанд “Барса”-тай учирч, дэндүү харамсалтай ялагдал хүлээж байсан “Цэнхрүүд”-ийн ахлагч Жон Терри “Бидэнд “Кэмп ноу”-д хийх зүйл бий” хэмээн итгэл төгс мэдэгдэж, багийн лидерүүдийн нэг Фрэнк Лампард ч мөн “Бидэнд “Барса”-тай хийх тооцоо байгаа” гэдгийг хэлсэн. Хожиж яваад, тоглолтын нэмэлт цаг Иньестагийн оруулсан гоолын “гайгаар” дэндүү харамсалтай ялагдал хүлээж байсан тэд ямартай ч хар дурсамжаа гэгээрүүлж чадлаа.

Талбайдаа нэг гоол оруулснаар ялалт байгуулаад байсан “Челси”-гийн хувьд өрсөлдөгчийнхөө талбайд 2:1 харьцаатай хожигдоход л аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болох байсан. Гэхдээ тоглолт 2:2 харьцаатай өндөрлөж, “Цэнхрүүд” хоёр тоглолтын нийлбэрээр 3:2 харьцаатай ялалт байгуулж, эцсийн шатанд шалгарлаа. Өчүүхэн төдий алдаа гаргаснаар хаалгандаа хоёр ч гоол алдаж, багаа ахлан талбайд гарсан Жон Терри улаан хуудсаар торгуулж, талбайг чөлөөлсөн тэр мөч “Челси”-гийн олон сая хөгжөөн дэмжигчдийг сөхрүүлсэн ч 10-уулаа үлдсэн тэд эхний хагас өндөрлөх мөчид тооны харьцааг 2:1 болгож чадсан юм. Тоглолтын эхний хагаст “Барселона”-гаас Серхио Бускетс /35’/, Андрес Иньеста /43’/ нар гоолдсон бол “Челси”-гээс Рамирес эхний үеийн нэмэлт цагт /45+1’/ финалд хөтлөх эхний гоолыг оруулсан.

Хүн дутуу “Челси”-гийн хамгаалалт дор үргэлжилсэн тоглолтын хоёрдугаар хагас өндөрлөх мөчид сэлгээгээр талбайд гарсан Фернандо Торрес шүүгчийн мэдлийн нэмэлт цагт /90+2’/ хаалгачийн эсрэг ганцаараа гарч, гоолдсоноор тоглолтын цэгийг тавьсан юм.

“Баейрн” торгуулийн цохилтоор “Реал”-ыг буулган авлаа

Торгуулийн цохилтоор Аваргуудын лигийн финалын “тийз” олгосон тоглолтын баатар Мануэль Нойер байлаа. Өнгөрсөн долоо хоногт Германд болсон тоглолтод 2:1 харьцаатай хожигдоод байсан “Реал Мадрид” лхагва гаригийн шөнө өөрсдийн талбай “Сантьяго Бернабеу”-д өрсөлдөгчөө хүлээн авч, хариу тоглолт хийсэн. Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч Криштиан Рональду дубль /6’, 14’/ хийж, тоглолтын хувь заяаг өөрсдийн талд эргүүлээд байсан ч ахмад тоглогч Арьен Роббен /27’/ тооны харьцааг 2:1 болгосон. Тоглолтын үндсэн цаг өндөрлөтөл дахин гоол ороогүй. Улмаар хоёр тоглолтын нийлбэрээр “Реал”, “Байерн”-ийн тоглолт 3:3 харьцаатай өндөрлөж, багууд торгуулийн цохилт хийхээр болсон юм.

Шийдвэрлэх энэ үеийн гол баатрууд нь Бастьян Швайнштайгер болоод Мануэль Нойер нар байлаа. Швайнштайгер багаа шигшээд шалгарах хариуцлагатай гоолыг оруулсан бол Нойер “Реал”-ын эхний хоёр цохилтыг хааснаар багтаа давуу байдал авчирсан юм. Эзэн хааны багийн шилдгүүд болох Рональду, Кака нарын цохилтыг хаасан, харин энэ үед “Байерн”-аас Марио Гомез, Дэвид Алаба нар үүргээ биелүүлж, өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулсан. Тооны харьцаа 2:0.

2008 оны Аваргуудын лигийн финалд “МанЮ” болон “Челси” багууд таарч, пенальти цохиход Рональду алдаж байсан, түүний хувьд ийнхүү Аваргуудын лигт хоёр дахиа торгуулийн цохилт алдсан нь энэ байлаа. Гэтэл өмнөх өдөр нь дэлхийн шилдэг хөлбөмбөгч Лионель Месси мөн “Челси”-гийн эсрэг тоглолтод 11 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэсэн ч хөндлөвч цохиж, бүтэлгүйтсэн билээ.

Лхагва гаригийн шөнийн тоглолтын торгуулийн цохилтод “Реал Мадрид”-аас Алонсо ганцаараа даалгавраа амжилттай биелүүлсэн бол “Баейрн”-аас Тони Кроос, Филипп Ламм нар алдаж, харин эцсийн мөчид хагас хамгаалагч Бастьян Швайнштайгер гоолдсоноор тоглолт 3:1 харьцаатай Германы багийн ялалтаар өндөрлөсөн.

Ийнхүү тэд тавдугаар сарын 19-нд /Монголын цагаар 20-ны 02.45 цагт эхэлнэ/ өөрсдийн талбай болох “Альянц Арена”-даа Английн “Челси” клубыг хүлээн авч, Аваргуудын лигийн аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм.

“Челси” болон “Байерн Мюнхен” багууд өмнө нь Аваргуудын лигийн 2004-2005 оны улирлын шөвгийн наймд таарахад, Лондонгийн баг 6:5 харьцаатай илүүрхэж байсан билээ. Тухайн үед “Стэмфорд Бриж” цэнгэлдэхэд болсон эхний тоглолтод талбайн эзэд 4:2-оор, дараа нь “Байерн”-ийн талбайд болсон хариу тоглолтод германчууд 3:2 харьцаатай хожиж байсан юм. Тэр үед тоглож байсан хоёр багийн тоглогчдоос өдгөө Бастьян Швайнштайгер, Фрэнк Лампард, Дидье Дрогба, Петр Чех, Жон Терри нарын таван тоглогч багтаа хүчин зүтгэсээр байна.

Аваргуудын лигт түрүү авсан 21 багийн жагсаалтад дээгүүрт бичигддэг “Баейрн Мюнхен” таван удаа түрүүлж, таван удаа үзүүрлэсэн амжилттай. Харин 2003 онд орос тэрбумтны мэдэлд очиж, шинэчлэлийн салхи сэвэлзүүлсэн “Челси” сүүлийн есөн улирлын туршид /2003-04 улирлаас эхлэн тасралтгүй/ Аваргуудын лигт өрсөлдөхдөө нэг л удаа финалдаж, нутгийн өрсөлдөгч “Манчестер Юнайтед”-д ялагдсанаар дэд аварга болж байсан билээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж