Тухайлбал, Сангийн яам “төсөв, санхүүгийн аюулгүй байдал”, Санхүүгийн зохицуулах хороо “Санхүүгийн хяналт, зохицуулалтын бодлого”, Эрдэс баялгийн яамнаас “Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлж буй үнэлгээ”, Гадаад харилцааны яамны төлөөлөгч “Гадаад худалдааны бодлого, тулгарч буй бэрхшээл” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж нээлттэй хэлэлцүүлсэн байна.
Энэхүү уулзалтыг хамтран зохион байгуулж буй Конрад Аденаурын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Ыоханнес Д.Рай хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ “Улс төрийн тогтвортой байдал нь эдийн засгийн аюулгүй байдлын суурь юм” гэх санааг онцолж байлаа.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга О.Чулуунбат “Монгол Улс ямар нэгэн зүйлээрээ дэлхийн зах зээлд нөлөөлдөг байх хэрэгтэй” гэх санааг хэлсэн бол, гишүүн Я.Батсуурь “Татварын таатай орчин бүрдүүлсэн ч үр дүнгээ бидэнд үзүүлэхгүй байна. Энэ нь 20-30 оронтой давхар татварын гэрээ байгуулсантай холбоотой. Бид олон улсаас хараат атлаа, биднээс нэг ч улс орон хараат биш байгаа нь аюулгүй байдалд эрсдэл дагуулж байна. Иймд ураны эрчим хүчний үйлдвэрлэл зэргийг бий болгох, үүгээр аюулгүй байдлаа баталгаажуулж болох юм” гэсэн бол гишүүн Н.Ганбямба нөхцөл байдал илүү хүндэрсэн гэдгийг хэлж байна. Тэр “Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал хутганы ирэн дээ байна. Эдийн засаг маань уул уурхай, хөдөө аж ахуй гэсэн хоёрхон л зүйл дээр тулгуурлаж байна. Ядаж гурван тулгууртай байж бат бөх болно. Гол нь гаргаж буй экспортийн төрөл нь түүхий эд байдлаар л гарч байна. Ямар ч нэмүү өртөг шингээгүй. Мөн хүнснийхээ 70 хувийг гаднаас авч, түлш шатахуунаар дотоодынхоо хэрэгцээг хангаж чадахгүй байгаа нь эрсдэл дагуулж байна” гэлээ.
Энд яригдсан илтгэлүүдээс эдийн засгийн өнөөгийн байдалд дараах дүгнэлтэд хүрч байна. Монгол Улсын эдийн засаг хэт өрөөсгөл, эмзэг бүтэцтэй газрын тос, хүнс, өргөн хэрэглээний барааны импортоос хамааралтай, түүхий эдийн экспорт голлосон, байгалийн баялаг, нөөцөд тавих хяналт алдагдсан, үндэсний үйлдвэрлэл, хөдөлмөрийн нөөц доройтсон, үнийн өсөлтөд өртөмтгий, газар зүйн хувьд түгжигдмэл хэвээр байна. Өмнө нь хоёр том гүрний дунд оршдог, далайд гарцгүй, зах зээлээс алслагдмал, буурай орон байсан бол одоо дэлхийн хамгийн хурдан хөгжиж буй томоохон зах зээл бүхий бүс нутагт орших болж, эрдэс баялаг, эрчим хүчний үлэмж их нөөцөөрөө олон улсын анхаарлыг татах болсон нь шинэ боломж мхэдий ч тэр хэрээр эрсдэл дагуулах болжээ. Газар зүйн хувьд Төв болон Зүүн Хойд Азид аль алинд хамаарагдах боловч энэ хоёр бүс нутагт цэрэг, улс төрийн сөргөлдөөн хэвээр, аюулгүй байдлыг зохицуулах механизм бүрэлдэн тогтоогүй. Нөгөө талаас дэлхий нийтийг хамарсан хямрал, халдварт өвчин, цаг уурын өөрчлөлт, гамшигт манай улс өртөх магадлал их болсон хэмээх нөхцөлүүд бий аж.
Хэлэлцүүлгийн үеэр зарим оролцогчдоос эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд юунд анхаарах ёстой талаар байр суурийг нь сонслоо.
О.Чулуунбат: ЭДИЙН ЗАСГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ЗӨВ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ
-Өнөөдөр дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсчихсөн, Монголоос экспортлох барааны үнэ өндөр тогтоогдож, Монголын байгалийн баялаг руу гадныхан хошуурч буй нөхцөлд бид өөрсдөө эдийн засгийн аюулгүй байдал гэдгээ зөв ойлгох хэрэгтэй. Хорь гучин жилийн өмнөх Монгол Улсыг харахад их аюулгүй байдалд байсан мэт харагдана. Ганцхан улсын бүрэн халхавчин дор, тэднээр хэрэглээгээ бэлтгүүлээд явж байсан үе. Өнөөдөр нөхцөл байдал эрс өөр болсон байна. Өнөөдөр бидний хэрэглэж буй хүнс, эдэлж хэрэглэж буй бүхий л зүйлсийг гаднаас авч байна. Өмнөх үетэй харьцуулбал илүү “олон улсжсан” улс болчихож. Эдийн засгийн хамаарлаа ганцхан улс биш, олон улсаас хамааралтай болгож чадсан. Гэхдээ Монгол Улс өөрийн баялгаа гадныханд алдаж байгаа гэх ойлголт нийтлэг болчихож. Өнөөдөр Монголын уул уурхайн эдгээр төслүүдийг гаднын хөрөнгийн зах зээл дээр IPO хийж, борлуулж байна. Үүнийг нь бид “Монголын баялгийг гадныханд зарчихлаа гэж ойлгодог” Дэлхийд амжилттай ажиллаж буй бүх компаниуд дэлхийн хөрөнгийн бирж дээр ийм л борлуулалт хийж байж босч ирдэг. Энэ нь хөрөнгө оруулалт болохоос биш, газар нутгийг нь гадныханд худалдсан зүйл огт биш.
Манайхан өмчлөл дээр их анхаарал тавьдаг. Хувьцааны 70-80 хувь нь гаднын компанийн мэдэлд байгаа гэдгийг тэр компанийн өмч болчихлоо л гэж хардаг. Гэвч бодит байдал дээр тийм зүйл байдаггүй. “Эрдэнэт”-ийг жишээ болгож үзье. Тус үйлдвэрийн сүүлийн хэдэн жилийн балансийг аваад үзэхэд жилд нэг тэрбум орчим долларын орлоготой ажиллаж байна. Монголын талд 51 хувь, Орост 49 хувь нь байдаг. Ингээд орлогоос нь зардлыг нь хасаад үлдэж буй цэвэр ашгийг нь ногдох байдлаар нь харахад хоёр улс жилд 100 сая ам.долларыг нь л хуваасан байдаг. Ингээд нэг тэрбумаас 900 сая ам.доллар хаашаа орсон бэ гэдгийг нь харах хэрэгтэй. Энэ мөнгө Монголын компаниудад орсон байна. Хүнс хоол барилга, төмөр зам гээд л. Нэг төсөл л гэхэд Монголд ийм үр ашигтай байж болж байна.
Ц.Даваадорж /Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны ахлах референт/: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ДАХЬ НЭГ УЛСЫН ДАВАМГАЙ БАЙДЛЫГ АРИЛГАНА
-Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үндсэн нөхцөл нь “Эдийн засгийн бие даасан байдлаа хангаж хөгжих, байгальд ээлтэй, хүний аюулгүй, амгалан амьдрах боломжийг бүрдүүлсэн тогтвортой хөгжлийн загварыг бий болгоход оршино” гэж ҮАБЗ-ийн үзэл баримтлалд тусгасан байгаа. Гэтэл бид эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох, хамгаалах зайлшгүй шаардлагатай хүнс, өргөн хэрэглээний бараа, түүхий эд, түлш, эрчим хүчээр өөрийн хэрэгцээг хангаж чадаагүй, импортоосоо хамаарсан хэвээр байна. Зөвхөн түүхий эдийн экспортод түшиглэсэн, үнийн өөрчлөлтөд эмзэг эдийн засгийн өрөөсгөл, цөөн орны зах зээл, дамжин өнгөрөх тээврээс хараат байна. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд аль нэг улсын хөрөнгө оруулалтын хэмжээ нь нийт хөрөнгө оруулалтын хэмжээний гуравны нэгээс хэтрэхгүй байх заалттай. Гэвч өнөөдрийн байдлаар БНХАУ-аас орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ нь энэ хязгаараас илүү гарсан. Гэхдээ энэ улсын хөрөнгө оруулалтын хэмжээг хасах аргаар биш бусад улсаас орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэх байдлаар зохицуулах зорилго байна. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд гадаадын төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай заалтыг зоригтойгоор оруулсан. Төрийн өмчит компаниудад нь ашиггүй байсан ч тухайн улс тэр салбарыг эзлэх зорилгоор маш их хэмжээний хөрөнгө хаядгаас сэрэмжлэх гэсэн санаа.