Хүүхдийн танин мэдэхүйн түүхийн боловсролын номыг өдөрлөгийн хүрээнд болсон үзэсгэлэн худалдааны үеэр илүүтэй сонирхож байлаа. Түүнчлэн “Дэлхийн сонгодог зохиолын цуврал”-ууд, “Дэлхийн түүх” бүрэн хэмжээний зурагт лавлах болон хувь хүний хөгжилд зориулсан ном, бүтээлүүдийг ихээр сонирхож байсан ажээ.
Уг арга хэмжээг УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Содномжамц болон ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нар нээж, үг хэлсэн. Үзэсгэлэн худалдааны үеэр Монголын болон гадаадын шилдэг бүтээлүүдийг дэлгэн тавьсан байсан бөгөөд бүх номондоо 10 хувийн хямдрал зарласан байсан юм. Номын өдөрлөгийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй УИХ-ын зарим гишүүн үзэж сонирхлоо.