Нийгмийн хариуцлагаа эрхэмлэгч М-Си-Эс Группын боловсролын салбарт хэрэгжүүлдэг олон төсөл, хөтөлбөрийн нэг болох ОЮУТНЫГ ИВЭЭН ТЭТГЭХ ХӨТӨЛБӨР-ийн шалгаруулалт амжилттай болж, шилдэг 31 оюутан тэтгэлэг, 8 оюутан ажлын санал гардаж авлаа.
Энэ онд ес дэх удаагаа зохион байгуулагдаж буй уг хөтөлбөрийн хамрах хүрээ жилээс жилд тэлж, тэтгэлэг хүсэгч оюутнуудын чадвар, сурлагын амжилт, мэргэжлийн төрөл, чиглэл нэмэгдсээр байгаа юм. Тухайлбал, гурван үе шаттай явагддаг энэхүү хөтөлбөрт 20 орчим их, дээд сургуулийн 700 гаруй оюутан оролцож, шалгаруулалтын хоёрдугаар шатанд 206 нь оролцсон бол эцсийн шалгаруулалтанд 99 шилдэг өрсөлдөгч тунаж үлджээ. Харин эдгээр шилдэг оюутнаас асуудал шийдвэрлэх чадварын тест, бүлгээр ажиллах дасгал, ярилцлага гэсэн гурван үе шатыг давж, бусдыгаа манлайлсан МУИС, ШУТИС, СЭЗДС, ХУИС-ийн 30 оюутан 2012-2013 оны хичээлийн жилд нийт 800 мянган төгрөгийн тэтгэлэг авах эрхтэй болж, 8 оюутан М-Си-Эс Группын компанид ажиллах урилга гардан авсан байна. Ингэснээр 2004 оноос хэрэгжиж эхэлсэн энэхүү хөтөлбөрт нийтдээ 260 гаруй шилдэг оюутан хамрагдаад байгаа аж.
М-Си-Эс Группын ОЮУТНЫГ ИВЭЭН ТЭТГЭХ ХӨТӨЛБӨР-т ихийг сурч мэдэх, эзэмшиж буй мэргэжилдээ эзэн болж, сайн мэргэжилтэн болох хүсэл эрмэлзэл, зорилго тэмүүлэлтэй их дээд сургуулийн гурав ба түүнээс дээш курсын бүх оюутан оролцох боломжтой байдаг юм. Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд мөнгөн тэтгэлэг авахын зэрэгцээ М-Си-Эс Группын харьяа аль нэг компанид үйлдвэрлэлийн болон дипломын өмнөх дадлага хийх, сургуулиа төгсөөд тус группт ажиллах эрхтэй болдог бөгөөд өдгөө олон арван чадварлаг залуус мэдлэг, авьяастаа тулгуурлан ажиллаж эх орныхоо хөгжлийн ирээдүйд өөрсдийн хувь нэмрээ оруулж байна.