
Хэлэлцүүлгийн шатанд гишүүд гадаадын хөрөнгө оруулалт Монгол Улсын хөгжилд тодорхой хэмжээгээр үр дүн дагуулж ирсэн. Цаашид ч хувь нэмэр оруулахаар байгаа. Ийм үед гадаадын хөрөнгө оруулагчид даварч байна гэж үзээд бүх зүйл дээр монголчууд өөрсдөө байна гэж тодорхойлох нь эргээд эрсдэл дагуулах вий. Асуудалд хоёр талаас нь далайцтай харахгүй бол нэг тал руу хэтэрхий туйлширсан хэрэг болно. Тэр тусмаа Засгийн газар нь ажил хийхгүй байгаа үед асуудлыг нэг тал руу туйлшруулах нь эргээд хөрш орнуудын харилцаанд сэв суулгахаар асуудлууд гарч ирж болзошгүй хэмээн сэрэмжлүүлсэн юм. Харин Гадаад харилцааны сайд Г.Занданшатар “Гадаадын хөрөнгө оруулалтыг огт хориглосон асуудал байхгүй, бас Монголд гадаадын хөрөнгө оруулалт одоо огт хэрэггүй болсон юм биш. Гагцхүү зохицуулалтгүй явж ирсэн асуудлыг зохицуулахаар төслийг санаачилж УИХ-аар хэлэлцүүлж байна гэсэн юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай багц хуулийн төслийг дэмжсэн тул ирэх долоо хоногоос байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг хийх болж байна.