Хойд Солонгос ойрын өдрүүдэд цөмийн зэвсгийн туршилт хийх гэж байна хэмээн найдвартай эх сурвалжаас авсан гэх мэдээлэлдээ үндэслэн Reuters мэдээллээ. Бэлтгэл ажил нь дууссан тухай эх сурвалж агентлагт ярьжээ. Хойд Солонгосын цөмийн анхны туршилтын талаар ч уг эх сурвалж 2006 онд мэдээлж байсныг сэтгүүлч онцолсон байлаа.
Гэлээ ч энэ бол цөмийн туршилтын тухай анхны мэдээ биш. Дөрөвдүгээр сарын эхээр Хойд Солонгос цөмийн бөмбөгийн газар доорх туршилт хийх гэж байгаа тухай Сөүл мэдээлсэн байлаа.
Энэ жилийн дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Америкийн хиймэл дагуулаас авсан гэрэл зурагт үндэслэн Өмнөд Солонгосын эрх баригчид тийм дүгнэлт гаргажээ. Зураг дээр Хойд Солонгосын хойд хязгаарын Хамгён-Пукто муж дахь Пангё-Ни гэдэг цөмийн туршилтын талбайд шинэ хонгил ухсан байсан нь гарчээ. 2006 оноос хойших гурав дахь туршилтаа тэнд хийхээр хонгил ухсан гэдэгт Сөүл итгэлтэй байна. Шинэ хонгилыг 2006, 2009 онд ашигласан хоёр хонгилоос өмнө хэсэгт ухсан байна. Хонгил ухах ажил эрчимтэй явагдаж байгааг түүний үүдэнд овоолсон газар, шороо гэрчилж байна. Хойд Солонгост туршилтын үеэр цөмийн төхөөрөмжийн хүчин чадлыг тодорхойлох болон цөмийн хортой материалаа хонгил дотор барин үлдээх зорилгоор хонгилыг шороогоор дүүргэн битүүлдэг ажээ. Туршилтын талбай дахь ажиллагаа гуравдугаар сараас хойш эрчимтэй явагдаж байгаа гэнэ.
“Солонгосын хойг нь манай зэргэлдээ хязгаар учраас тэндхийн байдал бидний аюулгүй байдалтай шууд холбоотой. Тиймээс бид хойгт хэрэг явдал хэрхэн өрнөж буйг анхааралтайгаар ажиглаж байна” хэмээн Оросын Гадаад хэргийн яамнаас мэдэгджээ.
Пхеньян өмнө нь албан ёсоор мэдэгдэл хийж, цаашид цөмийн болон пуужингийн туршилтад хориг тавих тухай АНУ-тай байгуулсан гэрээнээс гарч буйгаа хэлсэн юм. Баллистик “Ынха-3” зөөгч пуужингаар хиймэл дагуул хөөргөх гээд тэр нь бүтэлгүйтсэний дараа өөрийн амлалтаас буцаж буйгаа Пхеньян зарласан. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор баллистик пуужин хөөргөхийг Пхеньянд хориглосон байгаа ч туршилтыг дөрөвдүгээр сарын 13-нд явуулжээ.
Пуужин хөөргөхдөө 19 орны 60 сэтгүүлчдийг урьсан байлаа. Пуужинг тус орны зүүн хойд хэсгийн Пхенан-Пукто муж дахь пуужин хөөргөх талбайгаас нисгэсэн нь минут гаруй нисээд задран бутарч далайд унасан юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл уг хөөргөлтийг буруутгасан бөгөөд Хятад хүртэл түүнд нь дургүй байлаа. “Улс оронд хиймэл дагуул хөөргөх эрхийг хориглож байгаа нь шударга бус” гэж Пхеньян нэрлэсэн байлаа. “Цаашид ч сансрын орон зайг судлах өөрсдийн эрхийг эдэлсээр байх болно” гэж тэд хэлж байгаа. Япон, Өмнөд Солонгос, Орос пуужинг нутагтаа орж ирвэл угтан сөнөөнө гэж байсан ч “Тэнгэрийн заадас” өөрөө задраад тэдний хүчин чадлыг харуулсангүй.
Хойд Солонгос 2006, 2009 онд хоёр удаа цөмийн туршилт хийсэн билээ. Эхний туршилтын дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Пхеньяныг цөмийн хөтөлбөрийг татан буулгах зургаан талт гэрээнд нь татан оруулж чадсан юм. Хоёр дахь туршилт буюу хиймэл дагуул хөөргөх нь бүтэлгүйтсэний дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоол гарч тэднийг буруутгасан билээ. Үүний дараа Хойд Солонгос зургаан талт хэлэлцээрээс гарснаа зарлаж, тэр цагаас хойш хэлэлцээр огт хийгдээгүй юм.