Импортлогчид дээшээ, хэрэглэгчид доошоо

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

Импортлогчид дээшээ, хэрэглэгчид доошоо

Баялаг дагасан их мөнгө, үнийн дарамт, улс төрийн талцал, намуудын хэрүүл, сонгуулийн шоунд улстөрчид гэлтгүй төрийн албан хаагчид хүртэл солиорчихсон бололтой, нэг байцаагчийнхаа шийдвэрийг нөгөө байцаагч нь цуцлаад л. 

Тоолоод үзвэл гуравхан сарын өмнө Шударга өрсөлдөөн, хэрэг­­лэгчийн төлөө газраас нефть импорт­логчдод 10 тэрбум төг­рөгийн торгууль тавьж байв. Валютын ханшийн өсөлтөөс үүдэн шатахуу­ныхаа үнийг 270 төгрөгөөр нэмсэн явдал хэрэглэгчдийг бухимдуулж, үндэс­лэлгүй үнээ нэмсэн гэх импорт­логчдын асуудал тус газрын даргыг албан тушаалаасаа огц­роход хүргэсэн билээ. Тухайн үед Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан хэрэглэгчдийн шүүмжлэл, хэл амыг намжаахаар оролдсон уу, эсвэл үнэхээр үгсэн хуйвалдсан байсныг нь тогтоосон уу, ямартаа ч “Валютын ханш өссөнөөр шалтаглан үгсэн хуйвалдаж, үнийг үндэслэлгүй өсгөсөн” гэдэг үндэслэлээр импортлогчдод эхний удаад 10 тэрбум төгрөгийн торгууль ногдуулж байлаа. Үүнийхээ дараа импортлогчид энэ наймаасаа найм дахин их ашиг олсныг тус газрын байцаагчид шалгалтаар нотолж, торгуулийнхаа хэмжээг 17 тэрбум төг­рөг болтол өсгөсөн.

Дээрх шийдвэрийг импортлогчид хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдсэн ч  бодлого, шийдвэр нь байнга л хэрэглэгчдийн эсрэг чиглэдэг тус газрын дүгнэлтийг тухайн үед олон хүн “овоо доо” хэмээн хүлээж авсан юм. Гэтэл Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан хэн нэгэнд худалдагдсан уу, эсвэл импортлогчдыг буруутгасан өөрс­дийнх нь үндэслэл нь хоосон зүйл байв уу. Шатахууны үнийг үндэслэлгүйгээр нэмсэн нэр бүхий найман компанид 2012 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр тавьсан торгуулийг тус газрын дарга Б.Лхагва хүчингүй болгож, 17 тэрбум төгрөгийн тор­гуу­лийг цуцлах шийдвэр гаргажээ. 

Яагаад импортлогчдод тавь­сан улсын байцаагчийн өмнөх шийдвэрийг хүчингүй болгосноо тайлбарлахыг, энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөхийг Б.Лхагва дарга хүссэнгүй. Магадгүй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын өөрсдийнх нь шалгалтын дүн өөрөө “но”-той байсан юм болов уу. Эсвэл тэд шалгалт хийж, торгууль тавих нэрээр аль  компаниудыг шантаажилж, авлига авах арга хэрэгсэл нь болсон ч юмуу, хэн мэдлээ. Тиймгүйсэн бол яагаад, ямар учраас өмнөх байцаагчийг гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, импортлогчдод тавьсан торгуулийг цуцалж байгаагаа тайлбарлах ёстой. Тэр шалтгааныг ч хэрэглэгчид мэдэх эрхтэй юм.

Өнгөрсөн нэгдүгээр сард ам.долларын ханшийн өсөлттэй холбоотойгоор нефть импортлогчид шатахууныхаа үнийг литр тутамд 210-260 төгрөгөөр нэмсэн бөгөөд хэдий­гээр өнөөдөр Монголын зах зээлд худалдаалж байгаа неф­тийн бүтээгдэхүүний үнэ эргээд190 төгрөгөөр буурсан ч гэлээ үүнээс улбаатай өргөн хэрэг­лээний барааны үнийн хөөрөг­­дөл өнөөдөр ч хэрэглэгчдэд дарамт­­тай хэвээр байгаа. Ямар сайндаа л Монголбанкны зүгээс ам.долларын ханшийн өсөлтөөс болж шатахууны үнэ нэмэгдээгүй гэдэг мэдэгдэл хүртэл гаргаж байхав дээ. Үнэндээ ч ам.долларын ханш ашиг олохыг хүссэн импортлогчдод зүгээр л жижигхэн шалтаг байсан. Шалт­гааныг нь импортлогч компаниудын эзэд нь сонгуульд цацах мөнгөө хэрэглэгчдийн халааснаас “бос­го­чих­­лоо” гэдгээр олон нийт хард­­сан нь ч оргүй явдал  биш л болов уу. “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэдэг шүү дээ.  Одоо харин шатахууны үнэ бага зэрэг буурсан, иргэд тайвширсан, тэгээд сонгууль дөхсөн гэдэг үүднээс хэн нэгэн импортын компаниудад тавьсан торгуулиа буцаахыг шаардсан ч юм билүү, яаж мэдэхэв. Шатахуун импортлогч компаниудын эзэн МАН-ынх, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэдгээр нь асуудлыг өөр өнцөгөөс  харж, тайлбарлахыг хүсэгчид ч цөөнгүй л байна.

Ямар ч байсан дээрх асуудлаас болоод Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн холбооныхны хооронд зөрчилдөөн үүсээд эхэл­чихэж. МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар импортлогчдод тавьсан торгуулийг хүчингүй болгосныг эсэргүүцэж, харин Монголын хэрэглэгчдийн  эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн холбоо дэмжжээ.

С.Ганбаатар нефть импортлогч компаниудад хууль ёсоор ногдуулсан торгуулийн арга хэмжээг хэвээр үлдээхийг, гаргасан шийдвэртээ өөрчлөлт оруулахгүй бол албан тушаалаас нь огцруулах хүртэл арга хэмжээ авахыг Ерөнхий сайд С.Батболдоос шаардах болно шүү гэдэг анхааруулгыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагваад өгсөн байна. Тэгвэл Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны гүйцэтгэх захирал М.Ганжолоо “нефть импортлогч компаниудад тавьсан торгуулийг хууль бус гэж үзэж буйгаа, мөн үгсэн хуйвалдаж үнээ нэмсэнд төр оролцоотой, ЭБЭХ-ний дэд сайд асан Б.Ариунсан шатахууны үнэ нэмэгдсэнд тодорхой арга хэмжээ аваагүй, харин ч үнэ хөөрөгдөх үндсийг нь тавьж өгсөн” хэмээн буруутгаж буйгаа дуулгасан.

Эндээс харахад хэрэглэгчийн нэрээр цалинждаг, амьдардаг, хэрэг­­лэгчийн нэрийг ашигладаг нөх­дүүд хэний талд үйлчлээд байна вэ.  Үнийн дарамтад нэрвэгдсэн хэрэг­лэг­ч­ийнхээ төлөө амаа ангайдаггүй  Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо импортлогчдод тал засах нь ямар учир­тай юм бол. “Хийсгэж чадахгүй юм салхи байгаад ч яах юм бэ” гэдэг шиг торгож чадахгүй л байсан юм бол том дуугарах хэрэггүй л байж дээ.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж