Цахим үнэмлэхийг ирэх сарын 7-ноос хэвлэж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

Цахим үнэмлэхийг ирэх сарын 7-ноос хэвлэж эхэлнэ

Цахим үнэмлэхийг хэвлэх ажил дөрөвдүгээр сард 6-нд эхлэх ёстой байсан ч төлөвлөсөн хугацаанаасаа хожимдож эхлэх болоод байгаа билээ. Үүнийг төрийн зарим байгууллагууд чипний хэвлэлтийг хариуцан ажиллаж байгаа “Бодь” групптэй холбон тайлбарлаж байсан юм. Чухам юунаас болж хэвлэх ажил хойшилсон одоо байдал ямар байгаа талаар “Бодь Интернейшнл” группын гүйцэтгэх захирал Н.Нацагдорж тайлбар хийлээ.

-Чухам юунаас болж цахим үнэмлэхний хэвлэлт хойшлогдсон бэ?

-Уг нь төлөвлөгөө ёсоор дөрөвдүгээр сарын 6-нд эхлэх ёстой байсан. Хожимдсон шалтгаан нь ерөөсөө Сонгуулийн ерөнхий хорооны хэвлэх машинтай л холбоотой. Маш буруу, энгийн уншигч машиныг авчирсан учир бид үүнд зориулан хэвлэхээс өөр аргагүй болсон. Анх “Датакарт” компанид захиалж хийлгэсэн чип СЕХ-ны сонгосон уншигчтай тохирохгүй байсан. Гуравдугаар сарын 21-нд “Датакарт”-ын Азийн салбарыг хариуцсан төлөөлөгчид Монголд хүрч ирээд уулзаад шууд л “Танай уншигч машин таарахгүй юм байна. Дахин хэвлэх шаардлагатай” гэдгээ хэлсэн.

-Тэгвэл яг хэзээнээс хэвлэгдэх вэ?

-Тавдугаар сарын 3-нд туршилтын хэвлэлтээ хийнэ. Харин албан ёсоор ирэх сарын 7-нд эхэлнэ.

-Танай байгууллагаас болоод ажил хойшилсон гэсэн яриа гараад байгаа?

-Энэ нь СЕХ болоод УБЕГ-ын уялдаагүй үйл ажиллагаанаас болсон. Бид УБЕГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ газар манайд ийм чип хэрэгтэй байна гээд захиалсан. Гэтэл СЕХ-ны сонгосон машин нь тэр чипийг нь уншихгүй болж таарсан. Ийм л учиртай.

-Улс төрийн шалтгаанаар, цахим үнэмлэхийг сонгуульд ашиглахгүйн тулд зориудаар хэвлэлтийг хойшлуулж байна гэж иргэд үзээд байгаа?

-Хэвлэлт хойшлогдсон шалтгаан ерөөсөө улс төртэй холбоогүй. Техникийн буруу, зөрүү байдлаас болж л хэвлэлт хойшлогдсон.

-Та “СЕХ энгийн машин захиалсан” гэж хэллээ. Энэ машинд тааруулж хэвлэхээр анх тавьж байсан шаардлагадаа нийцсэн цахим үнэмлэх хэвлэж чадах уу?

-Сонгуулийн ерөнхий хорооны сонгосон машин нь 2 уншигч, нэг лептоп, нэг сканнер байгаа. Энэ машин нь лазер толгойтой, 3 секундэд нэг үнэмлэх хэвлэх хүчин чадалтай. Нэг машин нь дотроо хоёр лазер толгойтой болохоор гурван секундэд дөрвөн ширхэг иргэний үнэмлэх хэвлэгдэнэ гэсэн үг.

-Цаашид хэвлэлийн тал дээр асуудал гарахгүй гэж ойлгож болох уу?

-Тухайн иргэнтэй холбогдох бүх мэдээлэл нь байх юм бол ерөөсөө тийм асуудал гарахгүй.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж