Амаржих газар хаана байна

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

Эрхэм уншигч таниар нэг оньсого таалгая. Сая 500 мянгад гурав. Тэр юу вэ? Уншигч та таахгүй байна уу. Тэгвэл бага сага дөхүүлж өгье. Төрийн гурван өндөрлөг бол биш. Улаанбаатарт байдаг кинотеатр бас л биш. Хариулт нь ердөө амархан. Энэ бол Улаанбаатар хотод байгаа бүх төрөх эмнэлгийн тоо. Төрөлт нэмэгдсэн гэж Эрүүл мэндийн яам нь баяр ёслолын байдалтайгаар зарлаж, Монголын үрс маш олон болтугай гэж уриа хашхирч байгаа ч яг үнэндээ тэдэнд хангалттай хүрэлцэх төрөх эмнэлгүүд алга. Байгаагийнх нь урд хэзээ босох нь мэдэгдэхгүй барилга овоолж, хашаа хатгана. Баригдах гэж байгаа нь чухам яаж бариад байгаа нь үл мэдэгдэнэ. Мэдэгдэж байгаа ганцхан зүйл нь эмнэлэгт ор хүрэлцэхгүй болсон явдал. Бүх төрөх эмнэлгүүдийн үүдэнд хүмүүс дугаарлаж, ар, өврийн хаалгаа ч болов ашиглачих гээд барьц алдаж явна.

Тэвч, итгэ, хүлээ

Монголд байдаг цөөхөн төрөх эмнэлгүүдийн төлөөлөл болох Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн харъяа Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг. Үүдэнд нь байх цөөхөн сандал дээр “тэнгэр” шиг гэдэстэй эхчүүд сууж байна. Тэд юу хүлээж байгаа юм бэ гэж үү. Өрөөнөөс гарах өөр нэгэн эхийг хүлээж суугаа нь энэ. “Удахгүй гарна гэсэн болохоор нь хүлээж байна. Уг нь хөндүүрлээд эвгүй байна л даа. Гэхдээ өрөөнөөс гарах хүнээ хүлээхээс өөр аргагүй” гэж Баянгол дүүргийн иргэн Б.Саруул ярив. Түүнтэй адилхан олон эхчүүд шатаар бууж ирэх хүмүүсийг тосон харна. Хүссэн хүн нь биш бол тэд хүлээхээс өөр аргагүй болно. Ийнхүү хүлээж суугааг төрөлт нэмэгдсэнтэй холбож болох. Учир нь сүүлийн хэдэн сар жирэмсэн эхчүүд ирж, бараг дугаарлах шахуу юм болж байгааг сувилагч нар нуусангүй. Зарим нь хүлээж, урьд нь ирсэн нь өрөөндөө орж байх хооронд хариугүй төрөх гэж байгаа эхчүүд хоёр, гурваараа ирж байгаа харагдав. Чухам тэд хэзээ хүртэл хүлээхийг тааж үл мэднэ.

Зарим нь хүлээлгийн сандал дээр ч суулгүйгээр хүссэн өрөө рүүгээ хүргүүлж байгаа харагдав. Эмч нар нь тосон гүйлдэж өрөөнд нь хүргэж байх хооронд хүлээж цөхөрсөн эхчүүд угтах үйлчилгээн дээр очиж хэрэлдэж байх юм. Чухам яагаад ингэж байгааг ойлгосонгүй. Эмч нараас нь асуухаар “Юу гээд балайраад байгаа юм” гээд хөөх. “Мэдэхгүй. Зарим нь орчих юм. Ядар­­­сан мань мэт нь ингэж хүлээдэг биз” гэж СБД-ийн иргэн Б.Зул ярьсан юм.
Нэг, хоёр, гурав…..хүлээлт үргэлжилсээр

Нэг, хоёр, гурав дугаар амаржих газруудад ч хүлээлт үргэлжилсээр. Хоёрдугаар амаржих газрын гадаах талбай болоод дотор талд ч хүмүүс чамгүй. Ор нь хүрэлцэхгүй байгаа ч амаржих газрын ажилтнууд зохицуулсаар уджээ. “Ер нь хаа сайгүй л ийм байгаа байх. Бид ч бас хүлээж л байна” гэж СБД-ийн иргэн Ж.Бат ярьж байсан юм. Зарим гэр бүлүүд долоо хоног хөөцөлдсөний эцэст өнөөдөр хэвтэхээр болжээ. “Ер нь манайд ачаалал маш өндөр байдаг. Бид чадах ядахаараа болгох гээд л явж байна. Эмчлүүлэгчдийн тус дэмээр болдог л юм. Манай эмчлүүлэгчид ор хүрэлцэхгүй байгаа асуудлыг харин ч сайн ойлгодог шүү” гэж Нийслэлийн хоёрдугаар газрын орлогч дарга Д.Цэцэгээ ярив. Өнгөрсөн жилд л гэхэд хоёрдугаар төрөхөд 6000 гаруй эх амаржжээ. Хүлээсээр…

Нэгдүгээр амаржих газарт хүний хөл хөдөлгөөн чамгүй. Нэг эх ирээд орж амжаагүй байтал дараагийн эх ирж байлаа. Ядаж байтал эргэлтийн цаг эхэлчихсэн болохоор сувилагч нар нь олдохгүй. Гэхдээ энд эмнэлэгт хэвтэх гэсэн хүмүүс хүлээх нь харьцангуй бага байлаа. Гэсэн хэдий ч нэг өдөрт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо бусад төрөхүүдээс өөр. Хүлээлгийн өрөө нь хэдхэн хормын дотор дүүрч, үүдэн хэсэгт хүлээгсэд хүлээдгээрээ хүлээсээр. Нэгдүгээр төрөхийн хувьд жилд амарждаг эхийнхээ тоогоор бусад төрөхүүдээс харьцангуй их. Энд өнгөрсөн жил 11 мянган эх амаржжээ. Гуравдугаар төрөхөд ч байдал ийм.

Хүлээлт их ч төсөв нь бага

Бүх төрөх эмнэлгүүдийг адилт­гаж болох бас нэг зүйл нь төсөв. Үнэхээр чамлалттай төсөвтэй учраас үйлчилгээ үзүүлэхэд тун хүнд болохыг эмнэлгийн удирдлагууд хэлж байсан юм. “Төсөв үнэхээр бага. Одоохондоо нарийн тоог нь хэлж хараахан чадахгүй байна. Нэг эхийн ариун цэврийн хэрэглэл зэрэгт 50 мянган төгрөг зарцуулагддаг болохоор хаанаа ч хүрдэггүй. Эрүүл мэндийн даатгалын сангаас орж ирэх ёстой мөнгө нь ордоггүй. Хуулиндаа улсаас эх, хүүхдийн төрөх асуудлыг төр даана гэээд заасан болохоор багахан л юм ирдэг. Гэхдээ бид эмнэлгийн олон арван үйлчлүүлэгчид, ажилтнуудын сэтгэлийн дэмээр болдог л юм” гэж Хоёрдугаар амаржих газрын Д.Цэцэгээ ярив. Хэдийгээр төсөв нь бага ч тэд өөрсдийн хэмжээнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлсээр байна. Ерөөс бүх эмнэлгүүд л энэ тухай ярьж байв. Үнэхээр төсөв нь хүрэлцдэггүй учраас зарим үйлчилгээгээ тэд үнэтэй болгож үйлчлэх болжээ. Зарим нэг онош­ло­гоо­ноосоо төлбөр авч эхэлсэн байна.

Нэгдүгээр төрөхийг өргөтгөж амжих уу?

Одоогоос хоёр жилийн өмнө “Бороо Гоулд” компаний хөрөнгө оруулалтаар “Цаст” коснтракшн нэгдүгээр төрөхийн өргөтгөлийг барихаар болсон билээ. 150 ортой энэ өргөтгөл уг нь 2011 онд ашиглалтад орох байсан ч барилгын ажил удаашралтай байгаа болохоор хойшлуулахаас өөр аргагүй болжээ. Харин шинэчилсэн төлөвлөгөөгөөр энэ өргөтгөлийг ирэх долдугаар сарын 23-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Уг нь энэ өргөтгөл ашиглалтад орвол жилдээ 10 гаруй мянган эх амарждаг нэгдүгээр төрөхийн ачааллыг багасгаж болох. Гэхдээ одоо хүртэл шийдлээ хүлээж байгаа асуудлууд байна. Ваакумжуулсан хагалгааны өрөө, хүчилтөрөгчийн хоолойнуудыг хийхэд төсөв хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа ажээ. “Нэмэлт хэд хэдэн асуудлуудад хөрөнгө оруулалт үнэхээр дутаж байна. Тиймээс нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хичнээн төгрөгийн зардал шаардлагатай байгааг нэг загварт оруулаад, эцэслэн шийд гэсэн үүрэг өгсөн. Мөн яамныхаа дэргэд нэгдүгээр амаржих газартай холбоотой ажлын хэсэг гаргахаар болсон” гэж Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар ярьж байна.  

Дөрөвдүгээр төрөх хаана байна?

Яг жилийн өмнө удаан ярилцаж, хүлээлгэж, бараг шинэ төрийн ордонд дарагдах гэж байсан дөрөвдүгээр төрөхийн шавыг тавьж байсан билээ. Нийт 19 тэрбумын хөрөнгөөр барьж байгаа энэхүү эмнэлгийн бараа сураг өнөөдөр алга. Уг нь төлөвлөгөөндөө энэ сард ашиглалтад орохоор байжээ.  Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар дөрөвдүгээр төрөхийн барилгийн зураг, төслийг буруу хийсэн аж. Олон улсын стандартад төрөх эмнэлгийн өрөөний талбай 18 м2 байдаг бол шинэ төрөх эмнэлэг 14м2 байгаа аж. Ямар ч байсан энэ жилдээ багтаж ашиглалтанд орох нь худлаа болжээ. Төлөвлөлтөөсөө хоцорч байгаа, чамгүй хөрөнгө зарцуулсан энэ эмнэлгийн барилгын ажилд хариуцсан яам нь ч, төрөөс ч анхаарч байгаа юм алга.

Үхэх, төрөхийн хооронд үргэлжлэх хорвоогийн амьдрал нэг нэг тийм бараан өнгөөр үргэлжилж байна. Хүүхэд төрөхөд тун хүнд болжээ. Төрөх эмнэлэг байхгүйгээс эхчүүд хүлээж, төсөв мөнгө дутуугаас эмнэлэг нь хангалттай үйлчилгээ үзүүлж чадахгүй. Зарим үйлчилгээний үнийг нэмж, төрөөс төсөвлөсөн шинэ эмнэлгийн барилга хэзээ босох нь мэдэгдэхгүй л байна.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж