МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнөөдөр сууллах уу, үргэлжүүлэх хорих эсэхийг өчигдөр шийдвэрлэж, хоёр сарын үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргалаа. Энэ талаар түүний өмгөөлөгч О.Баасанхүүтэй ярилцлаа.
-Таны үйлчлүүлэгч, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг үргэлжлүүлэн хорихоор боллоо. Ямар үндэслэлээр яллагдагчаар татаж байгаа юм бэ?
-Шүүх дахиад л хууль бус шийдвэр гаргалаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар сэжигтнийг 14 хоногийн хугацаатай хорино. Энэ хугацаа нь маргааш /өнөөдөр/ 07.00 цагт дуусгавар болно. Хэрвээ сэжигтнийг яллагдагчаар татаж байгаа бол тогтоол үйлдээд сэжигтэн болон өмгөөлөгч, ар гэрийнхэнд нь яллагдагчаар татаж байгаагаа 48 цагийн өмнө мэдэгдэх ёстой. Тухайн үед сэжигтнээр татах бичигтэй нь танилцуулаагүй, мөрдөн байцаалт явагдаж байгаа гэсэн шалтгаанаар. Өнөөдөр тэр бичигтэй нь танилцлаа. Гэтэл сэжигтнээр татаад 48 цаг болсон эсэх нь тодорхойгүй байна. Яагаад гэвэл тогтоол дээр цаг минут нь тэмдэглэгдээгүй байна. Өнөөдөр /өчигдөр/ мөрдөн байцаагч нар камерт нь нэвтэрч ороод бичлэг хийгээд, тэмдэглэл үйлдээд, түүнийгээ шүүгчид мэдүүлээд, түүнийг нь шүүгч үндэслэлтэй гэж үзээд хоёр сараар үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргалаа.
Хамгийн гол нь өмгөөлөгчийг нь байлцуулж яллагдагчаар татаж байгаа тогтоолоо сонсгож байгаа юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд сэжигтний камерт зөвхөн прокурор, тухайн сэжигтин, эсвэл яллагдагчийг хянаж байгаа прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажилтан нэвтэрнэ гэж заасан байхад өнөөдөр мөрдөн байцаагч нар нэвтрээд бичлэг хийсэн байна. Үүнийг нь шүүгч үндэслэлтэй гэж үзээд хорих шийдвэр гаргалаа. Тэр бичлэгийг нь өмгөөлөгчийн хувьд үзэхийг хүссэн ч надад үзүүлсэнгүй. Мөн өмнө нь гурван хэргээр сэжигтнээр татаж байсан бол одоо тав болон нэмэгдсэн байсан.
-Хууль хяналтын байгууллага хэд хэдэн удаа мэдүүлэг өгөхийг өөрт болон өмгөөлөгчид нь хэлж байсан. Хууль биелүүлээгүй учраас түүнийг баривчилсан юм биш үү. Өмгөөлөгчийн хувьд энэ процессийг та юу гэж харж байна вэ?
-Дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 22.00 цагийн үед надтай эрхзүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан юм. Эрхзүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулна гэдэг нь хуулийн байгууллагын процессын үйл ажиллагаанд өмгөөлөгч бүрэн оролцох эрхтэй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл эрхзүйн гэрээ байгуулсан цагаас эхлэн Н.Энхбаярын өмгөөлөгч болж байгаа юм. Тухайн үед би АТГ-ын болон хууль хяналтын байгууллагынханд надтай харьцах, энэ ажиллагаанд оролцож, бичиг баримтаа танилцуулахыг шаардсан. Гэвч хэн ч харьцаагүй. Харьцаагүй гэдэг нь сэжигтэн яллагдагчаар татах тогтоол, прокурор, шүүхийн баривчлах зэрэг бичиг баримтыг танилцуулаагүй. Өмгөөлөгчид нь танилцуулалгүйгээр сэжигтнийг албадан баривчлаад явсан. Тийм учраас баривчлах үйл ажиллагаа өөрөө хууль бус процесс.
-АТГ-аас анх сэжигтнээр татан баривчилсан байгаа. Одоо энэ хэрэг АТГ-таа байгаа юу, эсвэл прокурор ч юм уу өөр тийшээ шилжсэн байгаа юу?
-Монголд өнөөдөр хуулийн дагуу хэрэгжиж байгаа зүйл алга байна. Жишээлбэл, ажлын хэсэг томилсон процессийг аваад үзэх хэрэгтэй. Нэг хуулийн этгээдийн дор өөр хуулийн этгээдийн ажилчид ажлын хэсэгт оролцоод хийдэг. Энэ бол байж болдог. Гэтэл хоёр хуулийн этгээд нийлээд нэг ажлын хэсэг байгуулна гэж байдаг. Гэтэл одоо АТГ, цагдаагийн байгууллага хамтарсан ажлын хэсэг гэж яриад байгаа. Тийм хууль байхгүй. Цагдаагийн газрын ажлын хэсэгт нь АТГ-ын ажилчид ажиллана, эсвэл АТГ-ын ажлын хэсэгт цагдаагийн ажилчид ажиллана гэж явдаг төрийн ажил. Гэтэл АТГ-ын хүн өөрөө 150.3-аар ял сонсгоно гэж ярьж байгаа нь өөрөө хууль бус юм.
-АТГ-ын ажилчид хуулийн дагуу баривчилгаа явуулсан гэдэг. Гэтэл зарим хүмүүс Ерөнхийлөгчийнх нь шадар хамгаалалтын хугацаа 2013 онд дуусна гэж яриад байгаа. Тусгай хамгаалалтын хугацаа дуусаагүй учраас цуг хоригдох ёстой ч гэдэг юм уу. Хүмүүсийг төөрөгдүүлсэн зүйл олон байна л даа?
-Уг нь тийм л дээ. Төрийн хамгаалалтын хэлбэр, зарчим нь ижил байдаг юм. Энэ хүний хамгаалагдаж байгаа объект нь өөрөө төрийн хамгаалалтын бүс. Жишээлбэл бид Төрийн ордонд дураараа ороод, дайраад байж болохгүйтэй адил. Төрийн ордон бол хамгаалалтын бүс. Тийшээ гэмт халдлага хийхгүй. Яг үүнтэй адил тэр хүний байр, машин нь хамгаалалтын бүс нь. Гэтэл машин руу нь шууд халдсан. Төрийн ордон руу дайрсантай адил гэсэн үг. Мөн хамгаалалтын бүсийн ойр орчимд цэрэг, техник бөөгнөрүүлж болохгүй гэсэн байгаа, гэтэл бөөгнөрүүлсэн. Хамгаалалтын албаны хүний тавьсан шаардлагыг биелүүлээгүй бөгөөд хамгийн гол нь УИХ-аар тогтоосон хамгаалалтыг буулгах зөвшөөрөл өгөөгүй байхад буулгасан. УИХ-ын тогтоолыг зөвхөн УИХ өөрөө хүчингүй болгодог. Хамгаалагч нар нь хамт хоригдох ёстой гэж зарим хүмүүс яриад байна л даа. Гэмт хэрэг хийгээгүй хүн яагаад хоригдох ёстой гэж. Шадарлан хамгаалах хамгаалалт байхгүй байгаа л даа.
-Яг одоогоор ямар хамгаалалттай байгаа вэ?
-Одоо бол камер хараад сууж байдаг хүн байгаа. Гэхдээ энэ хүн ямар ч ашиггүй. Сүүлийн хэд хоног энэ хүний амь насанд халдах гэж байна, тагнуулын байгууллагын ажилтан хэлсэн гээд миний утас руу захидал илгээдэг байсан. Тэр үед үнэхээр их санаа зовж байсан. Энэ үеэр нь өмгөөлөгчийг нь уулзуулахгүй, түдгэлзүүлнэ гэх зэргийн зүйл яриад эхэлсэн.
-АТГ-аас таныг өмгөөлүүлэхгүй, түдгэлзүүллээ гэх зүйл гарч байсан ч дараа нь түдгэлзүүлээгүй гэж тайлбарласан?
-АТГ-ынхан ер нь бол хууль зөрчдөг. Тэр дундаа өмгөөлөгч нартай бүдүүлэг харьцдаг. Тухайлбал, өчигдөр надруу мессеж явуулсан. “Та маргааш 09.00 цаг гэхэд бэлэн бай” гэж. Би яг маргааш өдөр нь шүүх хуралд оролцохоор болсон байснаа мэдэгдэхэд тэр хамаагүй, учраа ол гэж харьцаж байгаа юм. Ийм дээрэнгүй харьцаж болохгүй шүү дээ. Адилхан хуулийн байгууллагын хүмүүс байж өмгөөлөгч рүү тэгж дайрч болохгүй. Хэнээр өмгөөлүүлэх нь хүний эрх. Гэтэл АТГ-аас намайг дуудаж Н.Энхбаяр даргыг өмгөөлөхийг хориглолоо. Энэ нь хүний эрх учраас би өмгөөллөө цааш үргэлжлүүлнэ. Үүнийг манай үйлчлүүлэгч хүссэн. Хэнийг хэзээ өмгөөлөх, өмгөөлүүлэх нь тухайн хүний эрхийн асуудал. АТГ-ын харьяа байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг харьяандаа аваагүй, өмгөөлөгчийн холбоо ч бас АТГ-ын харьяа биш байхад яагаад хүний өмнөөс ажил хийгээд байгаа юм бэ. Өмгөөлүүлэх хүн надаас татгалзаагүй байхад АТГ яагаад миний өмнөөс ажил хийгээд байгаа юм. Тэр хүн надаас татгазлсан тохиолдолд би өмгөөлөхөө зогсоох болно.
-МАХН-ын гишүүдийн хувьд даргыгаа баривчлагдсаныг хойш улс төрийн зорилготой үйлдэл гэж байсан. Н.Энхбаяр баригдахынхаа өмнө нь ч гэсэн өөрөө нэр бүхий хүмүүсийн нэр дурьдаад хэлж байсан. Ямар үндэслэлээр улс төрийн зорилготой гэж байгаа юм бэ?
-Аливаа хууль зүйн алдааг улс төрийн зорилгоор биш бол бусдын захиалгаар эсвэл өөрөө алдаа гаргасан гэж үздэг. Улс төрийн зорилготой байсан нь үнэн. Улс төрийн зорилгоор уу, үгүй юу гэдэгт олон улсын жишигт гурван шалгуур байдаг. Улс төрийн зорилгоор баривчлагдсан хүнтэй холбоотой хавчин гадуурхалт, мөрдөн мөшгөлт, худал мэдээллийг санаатайгаар тарааж байна уу гэдгийг харах хэрэгтэй. Хавчин гадуурхалт байхгүй бол яагаад өмгөөлөгчийг нь уулзуулахгүй, өмгөөлөх эрхээс нь түдгэлзүүлээд байгаа юм. Яагаад энэ хүнийг суллуулахыг хүсч жагссан н.Баянсэлэнгэ гэж хүнийг хориод, н.Энхбат гэдэг хүнийг торгоод байгааг бодох хэрэгтэй. Мөрдөн мөшгөлт байхгүй бол яагаад гэрийнх нь гадаа цагдаа ирээд, телевизээр гаргахыг нь хорих гээд, худал мэдээлэл байхгүй бол яагаад олон нийтийн хэрэгслээр худал мэдээлэл цацаад, АТГ-ын даргын зөвлөлийн хүмүүс нь “авлигын загалмайлсан эцэг” гэж нэрлээд байгаа юм. Хэн ч “загалмайлсан эцэг” гэж тогтоогоогүй шүү дээ. Хуульч хүн яриад байгаа шүү дээ. Энэ гурван шалгуурийг хангаад байгаа учраас бид бүхнийг судлаад үзэхээр улс төрийн хоригдол болчихоод байна гэхээс өөр зүйл алга.
-Улс төрийн зорилготой гэхээр эрх барьж буй хоёр нам байгаа. Тэднийг хэлж байна уу?
-Ямар нэг намыг ярихгүй. Намын гишүүн олон хүн байгаа. Улстөрчдийн бие биенийгээ үзэн ядах зүйл. Удирдлагад байгаа хүмүүсийн увайгүй үзэл. Ер нь бол хүн идэж байсан тогоо руугаа битгий нулим гэдэг зарчмыг би баримталдаг. Гэтэл одоогийн Ерөнхийлөгч ч, 76 гишүүн ч гэсэн Н.Энхбаярыг төр түшиж явахад нь хамт л явсан хүмүүс. Гэтэл одоо Н.Энхбаяр муу хүн, бусад нь сайн хүн юм шиг яриад байгаа.
-Хоригдсоноос нь хойш өмгөөлөгчөөс нь өөр хүн уулзаагүй гэж байсан. Таны хувьд хэдэн удаа уулзсан бэ?
-Өдөр болгон очиж уулзахыг хүсч байгаа л даа. Уг нь бол Монгол Улс эрүүдэн шүүлтийн эсрэг протоколд нэгдэж орсон улс. Эрүүдэн шүүх гурван төрөл байдаг. Биеэр нь буюу зодох, оюун санаагаар нь буюу байнгын дарамтад байлгах, мөн эмнэлгийн аргаар эрүүдэн шүүдэг. Миний өмгөөлж байгаа хүн бол сэтгэл санааны дарамтаар эрүүдэн шүүгдэж байгаа гэж хардаж байгаа учраас би өдөр болгон очдог. Намайг очих болгонд ямар нэг зөрчил илэрдэг. Өмгөөлөгчийн хувьд дөрөвдүгээр сарын 12-23-ны хооронд болсон зөрчлүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчид бичгээр хүргүүлсэн байгаа. Мөн энэ сарын 24-26-ны өдрийнхийг мөн хүргүүлэхээр бэлтгэж байгаа. Тухайлбал, 24-ны шөнийн 22.00 цагаас хойш албаар барилгын ажил хийлгэсэн байгаа юм. Унтаж чадахгүй байна гэдэг нь сэтгэл санааны дарамт болоод явчихдаг. Мөн захидлыг нь замаас нь авах, тэр хүнийг суллагдсан, гаргасан гэж хүмүүсийг төөрөгдүүлээд байгааг ойлгохгүй байна л даа. Ерөөсөө л Н.Энхбаяр гэдэг хүн хоригдож байгаа нь хууль бус учраас энэ хүмүүс сандраад байна гэж би ойлгож байгаа юм.
-Зөрчлүүдийг нь тодорхой хэлбэл?
-Энэ сарын 18-ны өдөр өмгөөлөгч байхгүй байхад өөр өрөөнд оруулж байгаад бичлэг хийсэн байгаа юм. Мөн өмгөөлөгчийг нь оруулахгүй, уулзуулахгүй байх зэрэг үйлдлүүд олон байгаа. Энэ бүхнийг яриад байна гэдэг утгагүй. Гэхдээ би энэ тухай Ерөнхийлөгчид бичгээр өгсөн байгаа. Өмгөөлөгчтэйгээ уулзах гэхээр хамт байдаг, яриаг нь чагнадаг, бичиг цаасыг нь хурааж авч, шалгадаг. Мөрдөн байцаагч нь компьютертэй ордог, өмгөөлөгч нь орж болохгүй гэнэ. Би тэр бүх хуулийг цээжлэх боломжгүй учраас өмгөөлж байгаа хүндээ зарим нэг хуулийн заалт танилцуулах зүйл байх ёстой. Өмгөөлөгчтэйгээ цаасаар юм бичих гэхээр бичүүлэхгүй, одоо бүр хаалтны наана цаанаас яриулдаг болсон.
-Хоригдсон цагаас нь хойш ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байна гэсэн. Ер нь бол сэжигтнээр татагдсан хүнийг ар гэрийнхэнтэй нь уулзуулах хуулинд нээлттэй биз дээ?
-Ар гэрийнхэн болон хуульчид нь хоригдож байгаа хүнээ сэжигтэн гэж үзэхгүй байгаа. Бид бол процессын хуулиар явах ёстой. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8.1, 8.1-т зааснаар Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг чанд сахина. Ямар нэг алдаа гаргасан бол нэн даруй зогсоогоод буруутай этгээдэд нь арга хэмжээ авна гэсэн байдаг. Гэтэл процессын алдаа гараад байхад энэ үйлдлийг зогсоохгүйгээр цаашаа яваад байгаа нь хуульчдын хувьд ч, ар гэрийнхний хувьд ч гомдолтой байгаа юм. Хуулиндаа бол мөрдөн байцаагчийн зөвшөөрснөөр журмын дагуу уулзаж болно. Эргэлт, уулзалт хоёр өөр байдаг. Хоригдож байгаа хүн нь өөрөө гэмт хэрэгтэн биш учраас эргэлт гэж байхгүй. Энэ процесс өөрөө хууль бус гэдгийг бид хангалттай хэлж байгаа. Энэ бүхнийг няцаах хангалттай баримт нотолгоо байгаа. Гэвч Монголд шүүгч, прокурор хоёр нотлох баримтыг үнэлдэг. Харин өмгөөлөгч санал хэлнэ гээд өмгөөлөгчийн эрхийг дордуулчихсан. Тиймээс өмгөөлөгч юу ч хэлсэн, хийсэн сонсохгүй байна. н.Алтангэрэл өмгөөлөчийг хар л даа. Аргаа барж байгаа л байхгүй юу, тэр хүн.
-МАХН-ын даргатай одоогоор нэг л хүн уулзаж байгаа. Тэр нь өмгөөлөгч та. Хоригдож байгаа хүний биеийн байдал, сэтгэл санаа нь хэр байна. Сэтгэл зүйн эрүүдэн шүүлтэд орж байгаа гэж та хэлсэн шүү дээ?
-Гэмтэй хүн гэлбэлзэнэ гэдэг шиг гэм хийсэн хүн сэтгэл санаагаар унадаг. Гэм хийгээгүй болохоор айх зүйл байхгүй, сэтгэлээр унаад байх зүйлгүй. Харин ч хурцлагдаж, сайн байгаа.
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдэгдэл хийсэн. Тухайн хоригдогч шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг үл хүндэтгэн зарим нэг зөрчил гаргасан. Тухайлбал, өмгөөлөгчөөрөө дамжуулан гар утас оруулсан, ашигласан гэж байсан?
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар бид нар ажлаа хийгээгүй, хийж чадахгүй байна гэдгээ олон нийтэд зарлаж байгаа юм уу. Тэр газарт чинь шувуу ч орох ёсгүй шүү дээ. Өөрсдийнхөө хийх ёстой ажлаа би хийж чадсангүй гээд яриад яваад байх. Хүн зодож байгаад, дайрч ороод өгсөн зүйл биш шүү дээ. Тэднийг ажлаа сайн хий, ямар нэг зүйл битгий оруул гээд цалин өгч байгаа. Гэтэл тэд яагаад бид оруулсан байхад нь барьсан гэж яриад байгаа юм бэ. Гэмт хэрэгтэн бол шүүхийн шийдвэрийн журмыг дагана гэж заасан байдаг. Гэтэл тэр хүн гэмт хэрэгтэн биш учраас яагаад журмыг дагах ёстой гэж. Өмгөөлөгчийг дотогш оруулахдаа детальчилсан шалгалт хийж оруулдаг. Утас байсан үгүй юу гэхээсээ илүү би утас байсан бол тэд нар ажлаа хийгээгүй байна. Утас оруулахгүй байх, утасгүй байлгах нь тэдний үүрэг шүү дээ.
-Ард түмэндээ захидал илгээж байсан. Харин нэг захиаг нь замаас нь авсан гэж байсан. Тэр захиа одоо хаана байгаа вэ, хэнд хандаж бичсэн захидал юм бол?
-Хэнд гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Уулзалтаар очиход захиа барьсан явж байсныг нь тухайн хорих төвийн ажилтан захиаг нь үзээд өгье гэж аваад, тэр чигээрээ өгөөгүй, тэгээд л алга болчихсон. Одоо тэр захиа прокурор хавиар явж байгаа сурагтай байна. Хурааж авсан гэж яриад байгаа ч үнэндээ үзье гэж аваад тэр чигээрээ алга болсон. Тэгээд мөрдөн байцаалтын ажиллагаанд саад болох гээд нууц зүйл шийдүүлсэн юм уу, эсвэл үзэл бодлоо илэрхийлсэн бол захиаг нь өг гэхээр өгөхгүй байгаа юм.
-Өмнө нь гурван хэргээр сэжигтнээр татаж байсан бол одоо таван хэрэг болсон гэж байсан. Ямар хэргүүдийг нэмсэн юм бол?
-Хөөн хэлэлцэх хугацаа дууссан зүйлийг авч хэлэлцдэггүй. Шүүхийн гурван шатны шийдвэр гарсан хэргийг хэлэлцэх гээд л явж байна. Засгийн газрын өмнөөс ном хэвлүүлээд бэлгийн шугамаар тараадаг ном дээр хэрэг үүсгэх гэх мэтийн хийгээгүй хэргийг нь хийсэн болгоод яриад байна. Анх 14 хэргийг Н.Энхбаярт холбогдуулан олон нийтийн хэрэгслээр цацсан. Ер нь бол аливаа хүнийг бөмбөгдөхийн тулд жилийн өмнөөс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл цацаж эхэлдэг. Ард түмний сэтгэлгээг унагааж, бэлтгэж байгаад ийм зүйл хийж байгаа юм. Японоос дөрвөн бэлэг өгсөн байгаа юм. Тэр бэлгийг Ганданд, МУИС, Жанрайсагт, хувь хүнд. Гэтэл тухайн үед Авлигын өмнөх хуулиар энэ бүгд эрүү үүсдэггүй байсан.
-Тэгэхээр олон нийтэд жилийн өмнөөс мэдээлэл цацсан гэхээр зохион байгуулалтайгаар баривчилсан гэсэн үг үү?
-Зохион байгуулалтаар баривчилсан үгүйг би дүгнэхгүй. Би зөвхөн АТГ-ынхан болон эдгээр хуулийн байгууллага хуулийн дагуу процесс хийж байна уу, үгүйг гэдэгт л дүгнэлт хийнэ.
-Гэр бүлийнх нь хүмүүстэй уулзаж байгаа юу. Ямар байна?
-Би бол гэр бүлийнх нь өмгөөлөгч биш. Гэхдээ болж байгаа процессыг мэдээлж байх үүднээс мэдээлэл өгч уулзаж байгаа.
-Та өмгөөлөгчийн хувьд одоо яах вэ, Н.Энхбаяр хуурай өлсгөлөн зарлах болов уу?
-Өөрөө бол хуурай өлсгөлөн зарлана гэхэд нь би зөвшөөрөөгүй. Өмгөөлөгч хүний хувьд надад бас тодорхой цаг хугацаа хэрэгтэйг тайлбарласан. Өөрөө бол Д.Дорлигжав, Б.Хурц, Ц.Нямдорж гэсэн таван хүний нэр хэлээд “Эд нар байгаа цагт чи яаж ч чадахгүй. Тэд угаасаа намайг алах зорилготой байгаа учраас хуурай өлсгөлөн зарлая” гэхэд нь би зөвшөөрөөгүй юм. Өмгөөлөгчийн хувьд хуулийн дагуу хийх ёстой бүх үйл ажиллагааг хийнэ.
-Хөдөлвөл хөлс гэж ярьдаг шүү дээ. Их хэмжээний мөнгө авч байгаа учраас ширүүхэн өмгөөлж байна гэх хүмүүс бий?
-Мэдээж би хүн л юм чинь хөдөлмөрлөдөг. Хөдөлмөрлөснийхөө хөлсийг авна. Гэхдээ өмгөөлөгчийн нууцын гол юм нь ажлын хөлс байдаг. Гэхдээ би их, бага авсандаа нууж байгаа юм биш.