Сэжигтээр хоригдсон Н.Энхбаярыг яллагдагчаар татлаа

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

Сэжигтээр хоригдсон Н.Энхбаярыг яллагдагчаар татлаа

Нэгэн цагт хаан шиг явсан Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр Төв аймгийн урьдчилсан хорих төвд очоод арав гаруй хонож байна. Түүнийг сэжигт­нээс яллагдагчаар татсан талаар албаны эх сурвалжууд мэдээлж байна. Энэ хугацаанд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалаас эхлээд цөөнгүй хүнээс байцаалт авчээ. Түүгээр зогсохгүй түүний төрсөн хүүг эцгийнх нь холбогдож буй хэрэгт сэжигтнээр татаад буй юм. Н.Энхбаярын гэр бүл, хамаатан садныг  ч АТГ-аас шалгаж эхэлжээ. Энэ мэтээр өнгөрсөн арав хоногийн хугацаанд Н.Энхбаяртай холбоотой бүх субьектыг тэд шалгаж, зарим тохиолдолд архиваас материал гаргуулж авсан аж. Харин үүнийг нь түүний өмгөөлөгч О.Баасанхүү хууль бус үйлдэл гэв. Тиймээс АТГ-ын мөрдөгчид ямар үнэслэлээр Н.Энхбаярын хамаатан саднуудын хувийн мэдээллийг үзэж буйгаа тайлбарлах ажилтай болж байх шиг. 

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг зах зээлийн үнэлгээгээр 605 сая төг­рөгийн үнэтэй нийслэлийн өмчийг үнэ­гүйдүүлж завшсан, 2.1 тэрбум төг­рөгөөр үнэлэгдэх нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг үнэгүйдүүлж завш­сан, 113.4 мянган ам.долларын үнэ бүхий телевизийн 11 нэр төрлийн 46 ширхэг тоног төхөөрөмжийг албан тушаалын байдлаа ашиглан хувьдаа завшсан, төрийн өмчийг онц их хэмжээгээр үрэгдүүлсэн гэх үйлдлүүдэд холбогдуулан шалгаж байгаа юм.

Н.Энхбаярыг 2011 оны аравдугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д заасны дагуу “гэмт хэрэгт сэрдэгдэх үндэслэл бүхий баримт байна” гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-д зааснаар сэжигтнээр тооцон тогтоолыг өөрт нь танилцуулж, зарлан дуудах хуудас гардуулан өгсөн боловч мөрдөн байцаалтад ирээгүй, өмгөөлөгчид нь мэдэгдэж, зарлан дуудах хуудас гардуулан өгсөн боловч мөн ирээгүй гэдгийг АТГ-ын албан тушаалтнууд хэлж буй. Мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн Н.Энхбаярыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 143 дугаар зүйлд заасны дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлснээс хойш нийт 10 удаа зарлан дуудах хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мөрдөн байцаалтад ирэхгүй, улмаар байцаан шийтгэх ажиллагаанд саад учруулсаар байсан нь мөрдөн байцаалтын ажилла­гаа хэвийн үргэлжлэх нөхцөлийг алдаг­дуулсан гэсэн билээ. Тиймээс одоогоос 14 хоногийн өмнө Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжаар түүнийг албадан баривчлаад байсан юм.

Тэгвэл өчигдөр МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллахаар намын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, Улс төрийн холбооны удирдлагууд болох М.Энхсайхан, Б.Жаргалсайхан нар  Төв аймгийн Цагдан хорих төвийг зорьсон талаар тус намын Олон нийттэй харилцах албанаас мэдээлэв. Учир нь түүнийг цагдан хорих 14 хоногийн хугацаа  өнөөдөр дуусч байгаа юм. Энэ талаар Н.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүүгээс тодруулахад “Өнөөдөр 18.30 цагаас  өмнө Сүхбаатар дүүргийн шүүхээс Н.Энхбаярыг үргэлжлүүлэн хорих уу, суллах уу гэсэн шийдвэрээ гаргах ёстой. Хэрвээ яллагдагчаар татаж үргэлжлүүлэн хорино гэвэл надад албан тоот явуулах ёстой. Харин одоогоор албан тоот ирээгүй байгаагаас үзэхэд яллагдагчаар татаагүй бололтой” гэжээ.

Харин өчигдөр үдээс хойш Сүхбаа­тар дүүргийн шүүхээс Н.Энхбаярын өмгөөлөгчдийг байлцуулан, түүнийг үр­гэлж­лүүлэх хорих эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Ингээд АТГ-аас Нийс­лэлийн прокурорын газарт тавь­сан Н.Энхбаярыг яллагдагчаар татах хүсэлтийг хүлээн авч, хоёр сар үргэлж­лүүлэн хорих шийдвэрийг Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргасан байна.

Ямартай ч Н.Энхбаярыг цаашид үргэлжлүүлэн шалгахаар болжээ.

АТГ-ын ажилтнуудын хэлж байгаагаар Н.Энхбаяр нь хууль зөрчиж, хорих ангид нууцаар гар утастай орсон зэрэг зөрчилд нь 15 хоног сахилгад суулгах шийтгэл ногдуулах ёстой ч олон нийтийн хэл, амнаас эмээсэн хууль хяналтынхан одоохондоо түүнд шийтгэл оноогоогүй байгаа аж. Харин сэжигтэн байгаад яллагдагчаар татагдаж буй Н.Энхбаяр ирээдүйд ялтан болох уу, эсвэл гэм буруугүй нь тогтоогдох уу гэдэгт шүүх хариулт өгнө. Энэ хэрэг хуулийн дагуу, ном журмаараа явбал хамгийн багадаа энэ оныг дуустал үргэлжилж таарна. Тиймээс үйл явцыг ажиглах л үлдэж байна.

Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж