Улстөрчдийн шинэ “фронт”-ыг дэмжинэ гэв

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

Улстөрчдийн шинэ “фронт”-ыг дэмжинэ гэв

"Дундаж Монгол иргэн" гэж хэн бэ, Монголд дундаж иргэд бий юу, тэгвэл тэд нийгмийн хэдэн хувийг бүрдүүлдэг бол? Ер нь дундаж монгол иргэн гэдгийг юугаар үнэлж, тодорхойлж болох вэ, тэр үнэлэмжид хүрэхийн тулд юу хийх ёстой вэ, яавал нийгмийн энэ хэсэг илүү олонхи болж чадах вэ?

Энэ мэтчилэн олон асуултыг бид бие биедээ тавьдаг болсоор удаж байгаа билээ. Тэгвэл энэ тухай "Нэг Ардчилал" клубээс Дорнод аймгийн Чойбалсан хот, бусад сумдад зохион байгуулсан “Дундаж Монгол иргэн” хэлэлцүүлгийн үеэр хөндөж ярилцлаа. Хэлэлцүүлгийг “Нэг Ардчилал” клубын гишүүн Б.Отгонбат зохион байгуулж, нийгмийн дундаж хэсэг тухайн нийгмийн хөдөлгөгч хүч байдаг, тэдний нийгэмд эзлэх хувь их байх тусам улс орон илүү хөгждөг тухай ярилаа. Харин монголчуудын хувьд энэ хэсэг нийгэмд хамгийн бага хувь эзэлж байгаа нь сэтгэл зовоосон асуудал байсаар байгаа билээ.

Дорнод аймагт болсон энэ хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, АТГ-ын Олон Нийтийн Зөвлөлийн  гишүүн Ж.Батзандан нар мөн Чойбалсан хотод ажиллаж, өнгөрөгч нэгдүгээр сард УИХ-аар баталсан Нийтийн албанд ашиг сонирхолын зөрчлийг зохицуулах тухай хуулийн танилцуулга, хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна. Энэ уулзалт, хэлэлцүүлэгт Чойбалсан хотын 300 гаруй иргэд оролцож, орон нутгийн засаглалыг сайжруулах, шинэ хуулийг хэрэгжүүлэх асуудлаар санал бодлоо илэрхийлжээ.

Мөн энэ үеэр иргэд хөдөө орон нутагт нь уул уурхайн олборлолтоос үүдсэн байгалийн доройтол газар авч, орон нутгийн засаг захиргааг тойрсон авлига, хээл хахууль гаарч, олигархиудын “өв залгамжлагчид” улс төрд мөнгөөр түрэн орж ирж байгааг шүүмжилж байв. Тэд орон нутгийн бүхий л шийдвэр гаргах үйл явцад, газар олголттой холбоотой  асуудлууд хэн нэгэн эрх мэдэлтний халаасыг зузаалахад л зориулагдаж, жирийн иргэд төрийн бодлогын гадна үлдэж байгааг санууллаа. Тиймээс иргэд Ж.Батзандан, Б.Отгонбат нар шиг авлига, ашиг сонирхлын зөрчилтэй зоригтойгоор тэмцэж чадах нэр цэвэр, боловсролтой, шинэ залуу хүмүүсийг улс төрд оруулж ирэх хэрэгтэй тухай ярьж байлаа.

Б.УРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж