Байгаль орчин бохирдуулагчийг иргэн, ТББ ч шүүхэд өгөх боломжтой

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

Байгаль орчин бохирдуулагчийг иргэн, ТББ ч шүүхэд өгөх боломжтой

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Байгаль орчны асуудлаар мэдээлэл авах, шийдвэр гаргахад оролцох тухай” зөвлөлдөх уулзалт хоёр өдөр болж өндөрлөлөө.  Уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа удирдаж, орон нутаг болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Энэхүү уулзалтаар  байгаль орчны асуудлаар иргэдийг мэдээллээр хангаж, шийдвэр гаргахад олон нийтийг оролцуулах, зөрчигдсөн эрхийг хуулиар хамгаалах тухай Аархусын конвенцид Монгол Улс нэгдэн орох хэрэгцээ шаардлагыг тодорхойлж зөвшилцөх зорилготой бөгөөд мөн байгаль орчны асуудлаар иргэдийн мэдээлэл авах, шийдвэр гаргахад иргэдийн оролцоо чухал учраас үүнд  иргэдийн оролцоог хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэж байгаа юм байна.

Мөн Аархусын конвенцид Монгол Улс нэгдэн орох, энэ конвенцид нэгдэн орсноор ямар ашигтай байх,  цаашдын арга хэмжээний талаар ярилцсан байна.

Аархусын конвенц гэдэг нь хүний эрх, байгаль орчны асуудлыг холбож өгсөн, энэ талаархи аливаа шийдэлд иргэдийн оролцоог хангах процессын эрхүүдийг цогцоор нь анх удаа хуульчилсан, байгаль орчныг хамгаалах явдлыг Засгийн газрын үүрэг хариуцлагатай холбон,  хариуцлагатай, ил тод байхыг сануулсан ихээхэн чухал ач холбогдолтой баримт бичиг юм. Өөрөөр хэлбэл байгаль орчны асуудлаарх олон нийтийн бодит оролцоог төр засгийн түвшинд хүлээн зөвшөөрсөн байгаль орчны гэрээ гэж үзэж болох юм байна. Аархусын конвенцид орохын тулд хоёр жилийн хугацаанд тодорхой бэлтгэл ажлуудыг хийх ёстой бөгөөд манай улсын хувьд нэгдэн орох боломжууд нээлттэй байгаа гэлээ. Аархусын конвенцид 44 улс нэгдэн орсон бөгөөд 1998 онд Дани улсын Аархус хотноо Европын холбоо улсын сайд нарын 4-р хурлаар батдагдсан юм байна.

Монгол Улс энэ конвенцид нэгдсэнээр байгаль орчныг хүний эрхтэй холбосон, оролцогч талуудын хамтын ажиллагаагаар тогтвортой хөгжлийг хангах, байгаль орчны шударга ёсыг иргэдийн оролцоотой тогтоох, байгаль орчныг хамгаалахад төрийн хариуцлагыг бодитой болгоход чиглэсэн бөгөөд өнөөгийн нөхцөл байдлыг хараад үзэхэд Монгол Улс конвенцид нэгдэх зайлшгүй шаардлагтай болж байгаа гэдгийг зохион байгуулагчид онцолсон. Хурлыг удирдагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа “Монголын хувьд Аархусын конвенцийг сонирхож байна. Энэ конвенцид нэгдэж чадвал бид олон асуудлыг шийдвэрлэж болно. Ямар нэг саад бэрхшээл байхгүй. Нийтийн эрх ашгийг нэхэмжлэх олон  зохицуулалтыг хуулиндаа хийж өгнө. Тухайлбал, Хувь хүн болон иргэний нийгмийн байгууллага байгаль орчны асуудлаар зөрчигдөж байгаа мөн үүнээс болж хүний эрх зөрчигдөх зэрэг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болж байгаа юм. Саяхан Дорнод аймгийн Матад суманд анх удаа нэхэмжлэл хийгээд амжилттай хэрэгжсэн. Энэ бол албан ёсоор хэрэгжээд, цаашид олон боломж нээгдэх юм. Ер нь бол манай улсын өнөөгийн нөхцөл байдал  энэ конвенцид нэгдэн орох шаардлагыг бий болгож байгаа. Мөн бид бусад орны тушрлагаас судалж, харилцан туршлага судлахаар энэ уулзалтыг зохион байгуулж байна. Нөгөө талаар  иргэний нийгэм, иргэд төр засаг энэхүү конвенцид элсэн орох нэгдсэн ойлголтод хүрэх ёстой гэсэн онцлогуудтай хурал боллоо” гэв.

Мөн Казахстан, Норвеги, Польш, Итали зэрэг орны төлөөлөгчид өөрийн орны туршлагаасаа хуваалцсан юм. Казахстан улсын Байгаль орчны яамны төсөл боловсруулах бүлгийн дарга Вадим Ни “Манай улсын хувь Аархусын конвенцид 2000 онд нэгдэн орох тогтоол баталснаар гишүүн орон болсон. Эхний хоёр жилийн хугацаанд конвенцид элсэн орохын тулд бэлгэл ажлуудыг хийх ёстой байдаг. Манай улсын хувьд 2001-2003 онд конвенцид нэгдэн орох судалгаа, шинжилгээ, мэдээллийн эх сурвалжийн сан бүрдүүлсэн. Мөн олон нийтийн оролцоо ба шударга ёсыг  тогтоох боломж бололцооны талаар танилцах аялалыг зохион байгуулсан. 2004-2005 онд анхны улсын хэмжээний хэрэгжилтийн тайлан, хүссэн мэдээллийг зөв зохистойгоор удирдамж боловсруулсан. Мөн шүүх эрх мэдлийн чадавхийг дээшлүүлэх Аархусын төвүүдийг байгуулсан. Энэ конвецид элсэн орсноор Каспин тэнгисийн ойролцоо буюу Кашган болон Тэнгис зэрэг газруудад хэд хэдэн шатахуун гаргаж авах төсөл хэрэгжүүлж байгаа. Мөн олон төсөл боловсруулан ажиллаж байгаа. Эдгээр төслүүд нь байгаль орчинд хор хөнөөл багатай байдаг юм. Хамгийн гол нь төр дангаараа бус төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах нь их чухал байдаг гэдгийг” онцолсон юм.

Итали Улсын төлөөлөгч Лордеана Дал’ора ч мөн өөрийн орны туршлагаасаа хуваалцахыг хүссэн юм. Тэрээр илтгэлдээ “Аархусын конвенцид элсэн орсноор бид байгаль орчны хор хөнөөлийг багасгах, үүнд иргэд болон Төрийн бус байгууллагуудын оролцоо хэр байдаг талаар мэдлэгээ дээшлүүлэх боломжтой. Мөн энэ конвенцид нэгдсэнээр дан ганц байгаль орчин биш хүний эрх  болон бусад зүйлсээр ч мөн конвенцийн үйл ажиллагаа өргөждөг юм. Тухайн орны хүлээн зөвшөөрөгдсөн ТББ-ууд байгаль орчинд учирсан хор хөнөөлийн талаар шүүх хурлын ажиллагаанд оролцох эрх үргэлж нээлттэй байдаг. Хувь хүнд ч мөн ялгаагүй. Хамгийн чухал нь байгаль орчны хор хөнөөлийг иргэн, ТББ аль нь ч гэсэн шүүхэд нэмэмжлэл гаргах эрх бүрэн нээгдэж байгаа юм” гэлээ.

Оролцогч төрийн бус байгууллагынхан, орон нутгийн иргэдийн болон байгаль хамгаалагчдын төлөөлөгчид эдгээр илтгэгчдэд сонирхсон асуултуудаа тавьж, багагүй зүйлийг тодруулж, өөрсдийн саналыг хэллээ. Түүнчлэн тэд Аархусын конвенцийн талаарх хоёр өдрийн хэлэлцүүлгийн дүнд түүнд Монгол Улс нэгдэх нь өөрсдийн ажлыг өгөөжтэй, гарцтай болгох, байгаль орчноо хамгаалж чадах, иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг сэргээх эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэх боломжийг бодитой харж буйн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт гардуулсан байна. Түүндээ тэд “Монгол Улсын Ерөнхийлөгч танд олон улсын экспертүүдийг оролцуулсан зөвлөлдөх уулзалт санаачилсанд талархаж байна. Байгаль орчны асуудлаар мэдээлэл авах, шийдвэр гаргахад оролцох, зөрчигдсөн эрхийг сэргээх тухай конвенц буюу Аархусын конвенцид Монгол Улс нэгдэн орох асуудлыг санаачлахыг Ерөнхийлөгч танаас хүсч байна. Мөн тус конвенцийн Бохирдлыг бүртгэх протоколд манай улс нэгдэх нь зүйтэй гэж үзэж байна” хэмээн дурдаж, зөвлөлдөх уулзалтад оролцсон 32 төрийн бус байгууллагынхаа нэрийг жагсаан бичжээ.

Зөвлөлдөх уулзалт амжилттай өндөрлөж, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа хааж үг хэлэхдээ “Энэ хоёр өдөрт бид Аархусын конвенцийн утга агуулгыг нэлээд сайн ойлголоо. Эндээс олон асуултад хариу авч чадлаа. Зөвшилцөх уулзалтад Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар нар оролцож, тус конвенцид нэгдэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа та бидэнд илэрхийллээ. Уулзалт маань конвенцид нэгдэх чиглэлээр анхны алхам хийж, олон улсын дэмжлэг, хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа. Ардчиллын үлгэр жишээ орон болох бидний хүсэл тэмүүлэлд агуулга нь бүрэн нийцсэн Аархусын конвенцид Монгол Улс нэгдсэнээр иргэдийн оролцооны стандартыг эх орондоо бий болгоно. Авлигыг бууруулах боломж ч бүрдэнэ. Иргэний нийгэм, төрийн хамтын ажиллагаа өргөжиж, тогтвортой хөгжлийг төлөвшүүлэхэд түлхэц өгнө. Конвенцид нэгдэх ажлыг түргэвчлэх хэрэгтэй. Цаг алдаж болохгүй” хэмээн онцлон тэмдэглэв.

Аархусын конвенци нь Дэлхий дахинаа учраад байгаа агаарын ба усны бохирдол, цөлжилт, байгаль орчны сүйрлийг бууруулахад талуудын хамтын оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлдэг. Байгаль орчны хамгаалалт ба хүний эрхийн давхар хамгаалалтыг бий болгож чадсан хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ван Ги Мүүн үнэлж байсан. Тиймээс манай улсын хувьд ч энэхүү конвенцид нэгдэх нь чухал ач холбогдолтой юм гэдгийг оролцогчид онцолсон.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж