
СЕХ-ны дарга Н.Лувсанжав ээлжит сонгуулийн санал авах өдрийг зургадугаар сарын 28 байх товыг батлуулах, мөн гадаадад буй иргэдээс санал авах товыг зургадугаар сарын 10-ний өдөр болгон баталгаажуулж өгөөч гэх тогтоолоо танилцууллаа. Уг оруулж ирсэн тогтоолд нь санал тоолох машины маркийг тодорхой зааснаас болж багагүй маргаан мэтгэлцээн боллоо. Зарим гишүүд хуулиар автомат машин ашиглана гэж заасан байтал тогтоол дээр дахин автомат машинаар тоолох тухай заалт байх ач холбогдолгүй гэж үзсэн бол зарим нь ингэж тогтоол баталж байж автоматаар санал тоолох нь баталгаажна гэсэн юм. Эцэст нь ингэж тодорхойлох шаардлагагүй гэж үзэв.
Дараа нь СЕХ-ны даргын сонгуулийн бэлтгэл ажлын талаарх танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт гарлаа. З.Энхболд гишүүн “Энэ бэлтгэл ажил нь орон нутгийн сонгуулийг хамтад нь зохион байгуулна гэсэн төлөвлөгөөгөөр хийж байгаа юу, сонгуулийг тусад нь хийнэ гэсэн төлөвлөгөөгөөр хийж байгаа юу” гэдгийг асуулаа. СЕХ-ны дарга Д.Лувсанжав тодорхой хариулт өгөөгүй бөгөөд хууль эрх зүйн орчныг тодорхой болгох асуудлыг УИХ шийдэх хэрэгтэй гэх тайлбар хийв.
Хуралдаанд оролцогч гишүүн бүрийн урд нэгэн албан бичиг байсан бөгөөд энэ нь сонгуулийн саналын хуудасны талаарх тайлбар байлаа. Тодруулбал, хуралдаан даргалагч Ж.Сүхбаатар хоёр сонгуулийг хамтад нь явуулахаар болбол орон нутгийн болоод УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг нэгтгэн хэвлэх боломжтой эсэх талаар саналын хуудас бэлтгэгч компани руу албан бичиг илгээж, хариуд нь хоёр сонгууль адил журмаар явахаар байгаа тохиолдолд боломжтой гэх хариулт авчээ. Харин Д.Энхбат гишүүн сонгуулийн үеэр олон нийтийн саналыг хянах, тооцоолох, мөн санал худалдан авах боломж бүрдэх вий хэмээн болгоомжилж буйгаа хэлэв. Тэрээр “Саналын хуудсан дээр ямар нэгэн тэмдэглэгээ хийхэд машин анзаарахгүй юм байна. Дараа нь саналын хуудасны фото хувилбарыг улс төрийн намуудад хүргүүлнэ гэж байна. Ингэхээр аль нэг улс төрийн хүчин сонгогчдыг саналаа өгөхдөө тийм тэмдэглэгээ хийгээрэй, сүүлд нь шалгана гэж дарамтлах боломжтой боллоо” гэв. Мөн зарим гишүүдээс автомат машиныг тодорхой үүрэгтэй вирусаар халдварлуулах замаар сонгуулийн дүнд нөлөөлж болохыг ч анхааруулж байлаа. Түүнчлэн сонгуулийн машиныг хуулийн дагуу ажиллана гэдгийг баталсан сертификатжуулах, сонгуулийн дүнд аудит хийх талд нь СЕХ анхаарал тавих хэрэгтэйг ч хэлж байлаа.
Ц.Нямдорж гишүүн энэ хурлаас гарах шийдвэрт ихээхэн эргэлзэж буйгаа илэрхийлж байсан бөгөөд “хоёр сонгуулийг хамтад нь хийх гээд бүтэлгүйтвэл сонгуулийн дараа үүсч болох нөхцөл байдлын талаар Хууль зүй дотоод хэргийнхээ сайдын хувиар анхааруулж байна” гэв. Мөн тэрээр “Та нар хоёр сонгуулийг автоматжуулсан байдлаар хийнэ гэж ярьцгааж байна. Тун удахгүй эргээд өөр асуудал яригдана шүү. Америкийн компани чинь хоёр сонгуулийг зэрэг хийвэл үүргээ биелүүлж чадахгүй гэсэн бичиг ирүүлэх байх. Тэгээд та нар дахиад эргэж хуралдана шүү” гэв. Үүнд нь хуралдаан даргалагч Ж.Сүхбаатар “Бид аль хэдийн сонгуулийг автоматжуулсан аргаар хийнэ гэдгээ шийдчихсэн, тэгээд ч тэр америкийн компани чинь чадна гэдэг бичгээр аль хэдийн ирүүлчихсэн байна” гээд хурлыг цааш нь үргэлжлүүллээ.
СЕХ-ноос гаргасан дүнгээр энэ жил 1.834.461 иргэн УИХ-ын сонгуульд санал өгөх ба 26 тойргийн хороо, 340 салбар хороо, 1950 хэсгийн хороон дээр санал хураалтыг зохион байгуулах аж. Сонгуулийг 16.8 тэрбум төгрөгийн төсөвтэйгээр зохион байгуулахаар болсон аж. Гишүүд орон нутгийн сонгууль хамт зохион байгуулагдсанаар тодорхой зардал нэмэгдэх эсэхийг сонирхож байсан ч хариулт нь хуулин дээр байлаа. Өөрөөр хэлбэл орон нутгийн сонгуулийн зардлыг улсын төсвөөс гаргах хуулийн заалт байдаг бөгөөд энэ 2012 оны төсөвт 300 сая төгрөгийг тусгасан юм байна.
Харин З.Энхболд нарын гишүүдээс “Ер нь яах гээд сонгуулийн автомат машиныг сонгуулийн саналыг буруу тоолно гэж яриад байгааг ойлгохгүй байна. Хакердана гэсэн ойлголт байхгүй, интернэтийн сүлжээнд биш, өөрийн гэсэн бие даасан дотоод сүлжээтэй машин шүү дээ. Америкийн империалистууд манай сонгуулийн дүнг өөрсдийн машиныхаа тусламжтайгаар зохион байгуулах гэж байна гэсэн хоосон яриагаа болих хэрэгтэй. Ядаж энэ компани чинь зуун жилийн түүхтэй, маш олон сонгуульд энэ машиныг нь ашиглаад болоод л ирсэн зүйл. Тэгээд ч луйвар хийсэн байлаа гэхэд сүүлд нь тодорхой болох тул тийм зүйл хийхгүй шүү дээ” хэмээн шүүмжлэгчдийг шүүмжиллээ.
Ийн хэлэлцээд уг хуралдаанаас сонгуулийн тов болоод зардлын тогтоолыг дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болсон байна.
