Иргэдээ бууддаггүй, буудуулдаггүй төртэй болно

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

Иргэдээ бууддаггүй, буудуулдаггүй төртэй болно

Энэ бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нийслэлийн иргэдтэй уулзах үеэрээ хэлсэн үг, илэрхийлсэн байр суурь. Тэрээр жил бүрийн дөрөвдүгээр сарын хоёрдугаар хагаст нийслэлийн иргэдтэй уулздаг уламжлалтай. Энэ жил гурав дахь удаагаа болж байгаа нь энэ. Уулзалтад нийслэлийн удирдлагууд болон нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд оролцож, нийслэлийн иргэдийн үгийг хацраа халуу дүүгүүлэн байж сонссон.

Гэр хорооллын барилгажилт, газар өмчлөл, халамжийн мөнгө, хавтгайрсан архидалтаас эхэлсэн нийслэлчүүдийн “аминчхан” яриа яалт ч үгүй Н.Энхбаярын баривчилгаа, Их хурлын гишүүдийн халдашгүй байдал, долдугаар сарын 1-ний хэрэг рүү хальтраад орчихдог юм билээ. Арга ч үгүй биз. Сүүлийн хэд хоногийн турш нийслэлчүүдийг “зовоож” байгаа ганц сэдэв энэ юм чинь. Энэ бол Монгол Улсад хууль, шүүхийн өмнө хүн бүр ижил тэгш байж чадаж байна уу, хуулийн энэ ижил тэгш хэм хэмжээ хүн бүрт үйлчилж чадаж байгаа юу гэдэг асуулт.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг АТГ-аас албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төрийн өмчийг онц их хэмжээгээр үрэгдүүлсэн хэргээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35.1.5, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-д зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа. АТГ-аас түүнийг шалгагдаж буй уг хэрэгт нь яллагдагчаар татах хүсэлтийг УЕП-т ирүүлсний дагуу хоёр сарын хугацаагаар үргэлжлүүлэн хорих шийдвэрийг өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргасан билээ.

Гэсэн хэдий ч зарим нэг УИХ-ын гишүүд, улс төрийн намуудын зүгээс “Монголын төр зүтгэсэн хүндээ халгаатай юм байна”, “Ц.Элбэгдорж шинэ цагийн хэлмэгдүүлэлтийг эхлүүллээ”, ”Хууль шүүхийнхэн Ерөнхийлөгч байсан хүндээ ингэж хандаж байгаа юм чинь жирийн иргэдийг яах бол” гэсэн харууслыг үй зайгүй урсгах болсон билээ. Зарим нь бүр намаараа хөдөлж, Төв аймгийн хорихыг дайлаар мордон Ерөнхийлөгч асанг суллаж авахаар мордоцгоосон ч сураг байна.

Харин эдүгээгийн Ерөнхийлөгч “Хүн өвдвөл эмнэлэгт очдог, зөв бурууг шүүх тогтоодог” гэдгийг тэдэнд санууллаа. Ялангуяа сүүлийн үед зүтгэж байгаа хүн нь төрдөө халгаатай байх тохиолдол олон болсныг ч мөн анхааруулсан. Монголын төр улам бүр зүтгэсэн хүндээ ээлтэй, зүтгэсэн хүн нь ард иргэддээ ээлтэй байх ёстой, энэ хандлага руу ч явж байгаа. Иргэн хүн хууль зөрчөөгүй бол төрөөсөө айх ёсгүй. Монголын төр хүний эрхийг хүндэтгэдэг, иргэнээ алахаас татгалздаг болсон.  Харин Н.Энхбаяр нарын тухайд бол арай өөр. Төрд ч, улс төрд ч нэг зарчим байдаг. Нэг хүнийг хоёр удаа таних хэрэггүй гэж. Учир нь хоёр дахиа хүлээх цаг ард түмэнд байдаггүй. Нэг удаа ажиллахдаа танигдсан бол дахиж таних гэсний хэрэггүй. Ард түмэнд илүү дээр, илүү шударга хүн хэрэгтэй. Төрд байхдаа ард түмнээ хайрлаагүй хүн төрөөс холдсон хойноо жигтэйхэн хайртай болсон гэвэл би итгэхгүй. Төрд байхдаа хууль, шударга ёсыг уландаа гишгэж байсан хүн төрөөс холдсон хойноо шударга ёсыг дээдэлдэг болсон гэвэл үнэмшилгүй. Эрх мэдэлтэй байхдаа авлигыг цэцэглүүлсэн этгээд эрх мэдлээс хагацсан хойноо авлигыг үзэн яддаг болсон гэвэл би итгэхгүй. Хүн өөрийнхөө бүтээснийг нурааж чаддаггүй юм. Ялангуяа авлигыг цэцэглүүсэн хүн эргээд авлигын хана хэрмийг нураана гэж байхгүй. Зарим хүний үгийн сан өөчлөгдсөн байж болно, харин угийн зан нь өөрчлөгдөөгүй шүү. Монголчууд ярьдаг шүү дээ, “Тавин настыг сургаж болдоггүй, таван нохойг тууж болдоггүй” гэж….

Энэ бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нийслэлчүүд­тэй уулзах үеэрээ хэлсэн үг. Тэгээд ч түүний хувьд хуулийг дээдэлж, шударга ёсыг бий болгоё гэж байгаа бол Н.Энхбаяртангууд өөрөөсөө эхлэх хэрэгтэй л дээ. Наад зах нь Монгол Улсын нэрийн өмнөөс шүүхийн тогтоол уншиж, хуулийн байгууллага дуудаж байхад аавындаа ороод хаалгыг нь дотроос нь түгжихийн оронд гутлаа өмсөөд өөрөө яваад очих хэрэгтэй. Энэ бол төрийн тэргүүн байсан хүний хувьд төрдөө үзүүлж буй хүндэтгэл, хуулийг дээдэлж буй хэлбэр. Харин өнөөдөр байцаалтанд дуудсан ч “Би очихгүй”, шүүхийн тогтоол үзүүлсэн ч ”Би уншихгүй” гээд, шийдвэр гүйцэтгэх газрынхантай муур хулгана болоод явна гэдэг яавч “хуулийн дор” амьдардаг хүний шинж биш байх аа.

Харин ч цагдаагийнхан уг баривчилгааны үеэр “Хуулийг хэрэгжүүлж болдог юм, хууль хүн болгонд тэгш үйлчлэх ёстой” гэдгийг нэг талаар харуулсан билээ. Хэдийгээр алдаа оноо гарсан ч гэлээ. Тэгээд ч тухайн үед айл андуурч, хөршийнх нь хаалга үүдийг эвдэж орсныхоо төлөө цагдаагийнхан албан ёсоор уучлал гуйж, эвдэрч гэмтсэн эд зүйлийнх нь хохирлыг төлөөд, хоёр талаасаа акт баримт үйлдээд салсан гэнэ лээ. Өмнө нь ингэж иргэдээсээ уучлал гуйж байсан тохиолдол хууль хүчний байгууллагынханд бий билүү.

Ер нь бол манай улстөрчид, төрийн томчуудаас эрхээ хасуулж, хуулийнхнаар шалгуулж шүүлгэж байгаа нь ганц Н.Энхбаяр биш. Анхных нь ч биш. 1998 онд тухайн үеийн УИХ гурван гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлээд явуулахад “сахал” Энхбаатар шүүхээс чанга дэглэмтэй хориход зургаан жилийн хорих ял авчихаад “Монгол Улсын шударга шүүх мандтугай” гэж хэлээд Тахир соёотын гяндан руу ачуулж байсан. Улсын баатар, буурал Э.Бат-Үүлийг 2000 оны сонгуулийн дараа “малыш” хочит Ц.Энхтүвшинг зодсон хэргээр гэрийнх нь гаднаас баривчлахад “Үнэн олдоно оо, санаа битгий зов” гэж хэлээд цагдаагийн “УАЗ-469”-д чихүүлээд явж л байсан. Тэргүүн хатагтай Ц.Цолмонгийн “Тэндээс чинь амьд хүн эргэж ирдэггүй юм” гэж хэлээд байгаа Төв аймгийн хориход тэр хоёр сар талх давсаар хооллож байгаад хэрэг нь цагаадаад гарч байсан түүхтэй.
УИХ-ын гишүүн Л.Гүндалайг гишүүний бүрэн эрхтэй нь хамт нисэхийн гааль дээрээс дөрвөн мөчнөөс чирээд ачиж байсан тохиолдол Н.Энхбаярыг өөрийг нь эрх барьж байх үед гарч л байсан. УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийг Хадгаламж банкны хэргээр хоёр жилийн ял авахад ШШГЕГ-ын машин Төрийн ордны гадаа сойлттой зогсч л байсан.

Тийм учраас монголчууд ямбыг нь эдэлсэн юм чинь ялыг нь үүрч сурах хэрэгтэй гэж ярьдаг. Хэрэг хийсэн бол хариуцлагаа хүлээнэ, хийгээгүй бол хэрэгсэхгүй болоод гараад л ирнэ. Харин хийсэн хийгээгүйг аль нэг улс төрийн нам, эвсэл холбоо ч юм уу, хэсэг бүлэг хүмүүс тогтоодоггүй. Хамгийн том дарга нь шийддэггүй. Тэр цаг үе өнгөрсөн. Шүүх буруу шийдсэн бол түүнийг дээд шатных нь шүүх, түүнийг бурууг түүний дээд шатны шүүх нь л авч үздэг хуультай. Шүүхийн шийдвэр эцсийнх байдаг. Ийм хууль ёстой, эрх зүйт нийгмийг байгуулахын төлөө бид яваа.

Долдугаар сарын 1-ний хэрэг дээр ч ялгаагүй. Шүүхийг шүүх биш, хуулийг хууль биш болгож, шүүх хурлыг санаатайгаар тасалдуулж байгаа үйлдлийг иргэд бас л эмзгээр хүлээж авч байсан. Харин Ерөнхийлөгч “Монголын төр иргэдээ буудахгүй, буудуулах ч үгүй” гэсэн. Нэгэнт буудчихсан тохиолдолд буудсан этгээдийг олж хариуцлага тооцох ёстой гэсэн үг. Буудуулаад амиа алдсан хүн үг хэлэхгүй ч амьд үлдсэн хүмүүс олон зүйлийг гэрчилж байгаа. Хэрэг хийсэн хүн заавал хариуцлагаа хүлээнэ. Цаашид дахиад ийм эмгэнэлт явдал дахин гаргахгүйн тулд энэ хэргийн эзэн, холбогдогчийг заавал тогтоох ёстой. Тухайн үед үүрэг гүйцэтгэж ажилласан, хэв журам сахиулсан жирийн цагдаа нарын гавъяаг “буудах тушаал өгсөн, өгөөгүй” гээд маргаж, бие биенээ барьцаалж суугаа цагдаагийн удирдлагууд, буудсан бууныхаа сумны хонгиог цагдаагаар түүлгээд, гэмт хэргийнхээ ул мөрийг далдлах гээд уралдаж байсан дарга нар нь хуваалцахгүй гэсэн үг. Сайн муу хоёрыг нэг саванд хийж болдоггүй гэдэг. Ялгаж салгах ёстой. Долдугаар сарын 1-ний хэрэг дээр ч ялгамжтай хандах ёстой гэдгийг Ерөнхийлөгч мөн уулзалтын үеэр сануулсан.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж