Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Их хурлаар Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.

Стратегийн орд газрууд болон нүүрсний салбарт нэг улсын оролцоо давамгайлж болзошгүй гэсэн болгоомжлол үүсээд байгаа энэ үед стратегийн орд газруудын ашиглалтад гадны хөрөнгө оруулалтыг зохистой хэмжээнд байлгаж, хууль эрх зүйн орчинг тодорхой болгохыг бид бүхэн дэмжиж байна. 

Гэвч одоо хэлэлцэж буй хуулийн төсөлд стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгж хэмээх ойлголтыг хавтгайруулан хамруулж, Засгийн газраас зөвшөөрөл авч байхаар хуульчлах гэж байгаа нь Монгол Улсын аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалт оруулах боломжийг хязгаарлаж, бизнесийн салбарт төрийн оролцоог хэт ихээр нэмэгдүүлж,  цаашилбал төрийн хүнд суртал, хээл хахуулийг нэмэгдүүлэх нөхцөл үүсэхээр байна гэж үзэж байна. Тухайлбал, арьс шир, ноос ноолуур бэлтгэх, боловсруулахаас эхлээд эрдэс баялаг, хүнс хөдөө, аж ахуй, эрчим хүч, зам тээвэр, мэдээлэл, харилцаа холбоо бүр радио телевизийн үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд, том бүх аж ахуйн нэгжүүдийг Засгийн газраас хянаж байхаар салбараар нь жагсаасан байна.

Мөн салбараас гадна зах зээлийн үнэлгээ нь 100 тэрбумаас дээш үнэлгээтэй бүх аж ахуйн нэгжүүдийг хамруулах гэж байгаа нь үндсэндээ Монгол Улсын бүхий л салбар тухайлбал,  банк, банк бус санхүүгийн байгууллагаас эхлээд үйлчилгээний салбарт ч ажиллаж байгаа компаниуд гэрээ хэлцэл хийх, удирдлагын зарим үйл ажиллагааг зохицуулахдаа Засгийн газраас зөвшөөрөл авч байхаар хуулийн төсөлд тусгажээ.

Түүнээс гадна эдгээр бүх аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалт 49-ээс илүү байж болохгүй гэсэн хатуу заалт оруулсан нь гадаадын хөрөнгө оруулалтыг хааж, зогсоох ч сөрөг үр дагавартай болж болзошгүй. Иймд хууль тогтоох байгууллага УИХ энэхүү хуулийн төслийг тал бүрээс нь  нягт нямбай хэлэлцэж,  Монголын жижиг дунд компаниудын үйл ажиллагаад сөргөөр нөлөөлж болзошгүй хөнөөлт хууль батлахгүй буй за гэж найдаж байгаагаа илэрхийлж байна. Мөн бизнес эрхлэгчид та бид ч хуулийн төслийн талаар санал бодлоо илэрхийлж, эдийн засгийн орчинг муутгаж болзошгүй аливаа үйлдлээс сэрэмжлэх нь зүйтэй хэмээн уриалж байна.

Бизнес эрхлэгчдийн хэсэг төлөөлөгч

Хуулийн төслийг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж