Үнэмлэхийг ирэх сарын 7-ноос хэвлэж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

Үнэмлэхийг ирэх сарын 7-ноос хэвлэж эхэлнэ

Цахим үнэмлэхийг тавдугаар сарын 3-наас туршилтаар, харин 7-ноос массаар хэвлэнэ гэж албаны хүмүүс өнөөдөр мэдээллээ. Энэ үеэр цахим үнэмлэхийг хэвлэх техник, программ хангамжийн асуудлыг хариуцаж байгаа “Бодь интернэйшнл” компанийн гүйцэтгэх захирал Н.Нацагдорж, төслийн мэргэжилтэн Н.Дүгэрсүрэн нар ажлын явц яагаад удааширсан талаар сэтгүүлчдэд тайлбарласан юм. Иргэний ухаалаг үнэмлэхэд шилжих талаар шийдвэр гаргах төвшинд нэлээн эртнээс ярьсан ч бэлтгэл ажлын өмнөхөн эхэлснийг тэд тодотголоо.

Ухаалаг үнэмлэхийг ирэх сонгуульд ашиглах зорилго тавьсан тул Сонгуулийн ерөнхий хороотой нягт хамтран ажиллах шаардлага үүсчээ. СЕХ сонгогчийн болон саналын бүртгэлийг хийхэд зориулж уншигч төхөөрөмж худалдан авсан. Энэхүү уншигч нь ухаалаг үнэмлэх уншигч стандартын терминалаас нэлээд өөр байгаа учраас цахим үнэмлэхийг түүнд нь таарсан программаар хэвлэх шаардлага үүссэн байна. Үүнд тохирсон программ боловсруулах ажлыг одоо хийж дууссаныг “Бодь интернэйшнл” компанийн удирдлагууд хэллээ. Цахим үнэмлэх хэвлэх программ, техник хангамжийн ажлыг гүйцэтгэж байгаа АНУ-ын “Датакарт” компанийн мэргэжилтнүүд ирэх даваа гаригт Улаанбаатарт ирэх юм байна. Улмаар ухаалаг үнэмлэх хэвлэх туршилт тавдугаар сарын 3-нд, масс хэвлэлт 7-нд эхлэх гэнэ.

З.ОРГИЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж