Анхны хэлэлцүүлгээр батлуулахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Анхны хэлэлцүүлгээр батлуулахаар боллоо

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төсөл-нэмэлт”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.    
Хуралдаанд Сангийн сайд С.Баярцогт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Авто замын газрын орлогч дарга Х.Гантөмөр, Авто замын газрын дарга Б.Энхтөр нар оролцов.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны  гишүүдээс асуулт асуух, санал хэлэх гишүүд энэ үеэр  гарсангүй.   Харин УИХ-ын гишүүн Х.Жекей хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах  нь зүйтэй гэсэн горимын санал гаргасан юм. Түүний энэ саналыг  Байнгын хорооны хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд санал нэгтэй дэмжиж,  чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Дараа дараагын асуудал бол Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөр байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх, мөн Уньт-Мөрөнгийн чиглэлд Уньт-Тариалангийн хооронд авто зам барих төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сан хоорондын зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх байлаа.
Аль алинд нь УИХ-ын гишүүн Х.Жекей хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах  нь зүйтэй гэсэн горимын санал гаргаж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж