“Зэс эрдэнийн хувь” компанийнхан жагслаа

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

“Зэс эрдэнийн хувь” компанийнхан жагслаа

Орхон аймгийн “Зэс эрдэнийн хувь” компанийн хувьцаа эзэмшигчид болох хэсэг хүмүүс өнөөдөр Төрийн өмчийн хорооны байрны гадна жагслаа. Тэд өөрсдийгөө Орхон аймгаас 350 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ирсэн хэмээж байв. Орхон аймгийн иргэдийн нэгдэл хэмээн нэрлэж буй “Зэс эрдэнийн хувь” ХК нь “Эрдэнэт” үйлдвэрийн ашигладаггүй, хаягдал хүдрийг ялгаж, цэвэр зэсийн үйлдвэр байгуулахаар санаачилга гарган, хоёр жилийн хугацаанд тооцоо, судалгаа хийсэн байна. Гэтэл 30 жилийн турш  “Эрдэнэт” үйлдвэрийн технологид таарахгүй гэсэн үндэслэлээр ашиглагддаггүй байсан 8А болон 12 гэсэн хоёр овоолгыг “Зэс эрдэнийн хувь” ХК ашиглах хүсэлт гаргаж,  энэ тухайгаа Төрийн өмчийн хороо, Засгийн газар, холбогдох яам, тамгын газруудад хоёр жилийн турш танилцуулсан ч одоог хүртэл асуудал нэг тийш шийдэгдээгүй гэнэ. Харин өнөөдөр болсон жагсаалын үеэр Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга Х.Хэрлэн “Зэс эрдэнийн хувь” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Алтанхуягтай уулзаж, жагсагчдын авахыг хүссэн 8А, 12 гэсэн хоёр овоолгыг тус компанид өгөхөөр шийдвэрлэснийг мэдэгдсэн байна.
Энэ тухай тус компанийн удирдлагуудын нэг Б.Баасанжаргал “Хоёр жил тууштай тэмцсэний эцэст хүссэн ажлаа хэрэгжүүлэх боломжтой боллоо. Бид хамгийн эхэнд өөрсдийн оффисоо барина. Өөрсдийн хүч хөдөлмөрөөр зэсийн үйлдвэр барьж, овоолгын шороог анод, катодын аргаар ялган ашигладаг болно. Бидэнд туслахыг хүсч байгаа гадна, дотны маш олон байгууллага байгаа. Манайд хувь хөрөнгө нийлүүлсэн 40 гаруй мянган хүн бий. Үйлдвэрлэлээ эхлүүлэхээр эхний ээлжинд 135 гаруй хүнийг ажлын байраар хангана” гэлээ.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж