
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээллийг сонсов. Хуульд зааснаар УИХ-ын сонгууль болохоос 60 хоногийн өмнө чуулганаар Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаар мэдээлэл сонсдог юм байна. Гэвч эл асуудлыг танилцуулж байхад Засгийн газрын гишүүд хангалтгүй байсан нь асуудлыг хойшлуулахаас аргагүйд хүрсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг “Ноос, ноолуурын салбарыг дэмжих зорилгоор өнгөрсөн жил УИХ-аас 300 тэрбум төгрөгийн бонд гаргасан. Хэрэгжилт ямар шатанд явааг сонирхох хэрэгтэй байна. Орон нутагт ажиллахад малчид маш олон санал гомдол гаргаж байна. Мөнгө төгрөг авсан компаниуд яагаад малчдаас ноос, ноолуур худалдан авахгүй байна, яагаад малчид нэг кг ноосны урамшууллыг гар дээрээ авч чадахгүй байна вэ. Энэ бүхэнд хариулт авах хэрэгтэй байна” гэсэн юм. Сангийн сайд Д.Хаянхярваа “Ноос, ноолуурын салбарыг дэмжих зорилгоор 286.3 тэрбум төгрөгийн бонд гарсан, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариулт өгөх ёстой” гэсэн хариулт өгсөн ч тус яамны сайдаас эхлээд дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын хэн нь ч хуралдаанд хүрэлцэн ирээгүй байсан тул эл мэдээллийг хойшлуулж дараагийн асуудалд шилжсэн юм.
Чуулганы одоо хэлэлцэж байгаа асуудал нь Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай гэсэн багц төсөл болж байна.
Г.ДАРЬ