УИХ-ын сонгуулийн товыг баталлаа

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

УИХ-ын сонгуулийн товыг баталлаа

УИХ-ын
чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийг товлон зарлах тухай
УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд 62 гишүүнээс 53 нь зөвшөөрч, 85.5
хувийн саналаар тогтоол батлагдлаа. Ингэснээр УИХ-ын сонгууль ирэх
зургадугаар сарын 28-нд буюу пүрэв гаригт зохион байгуулагдах болж
байна.

Гэхдээ тогтоолыг батлахын өмнөх хэлэлцүүлгийн шатанд
УИХ-ын гишүүн Н.Ганбямба “Яагаад заавал зургадугаар сарын 28-н гэсэн
өдрийг товлочихов. Хуучин уламжлалаар зургадугаар сарын 29-нд УИХ-ын
сонгууль болдог байсан. Энэ өдөр сонгуулийн тов зарлагдах болов уу гэж
УИХ-ын гишүүд ойлгож байсан. Гэтэл ямар мэргэн бөөдий нь зургадугаар
сарын 28-н гэдэг өдрийг сонгов” гэв. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын
хорооны дарга Ж.Сүхбаатар “Сонгуулийн ерөнхий хорооноос дээрх товыг
товлон оруулж ирсэн. Ажлын хэсгийн төвшинд тогтоолын төслийг хэлэлцэх
үеэр зургадугаар сарын 27-н буюу лхагва гаригт болговол яасан юм бэ” гэж
ярьж байсан ч эцэстээ Сонгуулийн ерөнхий хорооноос оруулж ирсэн саналын
дагуу тогтсон” гэсэн юм.

Харин УИХ-ын сонгуулийг товлон зарлах
тухай УИХ-ын тогтоолыг баталсны дараа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлсэн
үгэндээ “Олон нийтийн дунд сонгууль болох нь уу, үгүй юу гэдэг эргэлзээ
маш их байсан. Одоо тогтоол батлагдсан учраас энэ эргэлзээ ариллаа гэж
хэлж болно. Гол нь УИХ-ын баталсан хуулийг хэрэгжүүлэх нь чухал, шалтаг
шалтгаан тоочиж хууль руу буруу бүхнийг чихэх ёсгүй. Сонгуулийн ерөнхий
хорооны хувьд маш том хариуцлага хүлээх болж байна. Мөн төрийн албан
хаагчдын хувьд ажилдаа хариуцлагатай хандах үүрэг ногдож байна шүү” гэж
сануулсан юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж