В.Нямхандын хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

В.Нямхандын хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа

Төрийн нууцад хамаарах баримт бичгийг задруулсан хэрэгт холбогдсон ТЕГ-ын Сөрөх тагнуулын албаны дарга асан хурандаа В.Нямхандыг шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд болсон ч хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ. Улсын нууцад хамаарах хэрэг учир хурлыг хаалттай явуулж, улсын яллагчаар Е.Сагсай, өмгөөлөгчөөр Ж.Цэрэнжээ, шүүгчээр Ё.Цогтзандан нар оролцсон байгаа. Өмнөх шүүх хурал өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-нд болсон ч мөн л нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан юм.

Сануулахад, түүнийг Эрүүгийн хуулийн 79.1-д зааснаар Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан гэх үндэслэлээр буруутгаж байгаа. В.Нямхандыг Сөрөх тагнуулын албанд ажиллаж байхдаа төрийн нууцад хамаарах баримт бичгийг хятадуудад задруулж, улмаар 100 сая төгрөгийн гэрээ нууцаар хийсэн гэж хууль хяналтын байгууллага үзэж байгаа юм.

                                Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж